5н Толгой НҮҮРС (тээвэр, эзэмшил)

Энд хуваалцах баримт сэлт Монгол Улсын хувь заяаг цаашид нүүрсний картелууд мэддэг байх уу, ард түмэн мэддэг байх уу гэсэн амин чухал асуултад хамаатай тул анхааралтай уншиж тусгаж аваарай. Нэн ялангуяа нүүрсний хулгайн эсрэг тэмцэж байгаа залууст зориулж цаг гарган бичиж бн. Мэдлэг, мэдээлэлтэй тархи гэдэг талбай дээр нүцгэлсэн бие, мулзалсан толгойноос илүү хүчтэй байдаг юм шүү.

Нүүрсний картелууд яахаас ч буцахгүй болохыг батлах нэг ийм саяхны түүх. Монголд Энержи Ресурс гэгддэг Mongolian Mining Corporation 2016 онд Кэиманы арлууд дахь оффшор бүсэд дампуурлын шүүхээр орсон юм. Энержи Ресурс гэдэг нь улсын орд Тавантолгойн хамгийн их өрөмтэй Ухаа худаг, Баруун наран ордуудыг тасдаж авсан хувийн уурхай. MCS групп анхнаасаа энэ уурхайг Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд нар буюу жинхэнэ МАНАНгийн засаглалын үед улстөрийн махинац хийж хувьд авсан байдаг. Энэ бол Монголын түүхэнд гарсан анхны системтэй хуульчлагдсан нүүрсний хулгай байсан гэж хэлж болно. Тэрийгээ Хонконгийн бирж дээр хувьцаат компани болгосон. Ингээд 2015, 2016 оны түүхий эдийн зах зээлийн уналтын үеэр дампуурахын даваан дээр очсон. Биржид гарсан нэртэй ч хямдарсан хувьцааг нь хятад хөрөнгө оруулагчид авна гэсэн үг. Ингэж MCS Монголын нэг гол ордыг хятад мөнгөний аманд аваачсан. Кэиман арлуудын шүүх дээр өгч байсан мэдүүлгүүд нь одоо ч интернэтэд нээлттэй бий. Манай компани удахгүй улсын Тавантолгой ордыг бүхэлд нь авах тул асуудалгүй маягийн мэдүүлгүүд өгч торгоож байсан байдаг.

Хамгийн аюумшигтай нь тэнд тэгж мэдүүлэг өгч байхдаа үнэхээр л Монголд Тавантолгойн ордыг бүхэлд нь хувьдаа авах улстөр хийж байлаа. Рио Тинтогийн зардал хэтрэлтийг(Монгол Улсын өр нэмэгдэнэ гэсэн үг) зөвшөөрөхгүй үзэлцэж байсан Алтанхуягийн Засгийн газрыг Элбэгдорж, Рио нар нийлж огцруулаад Сайханбилэг Ерөнхий сайд болсон. Тухайн үед Алтанхуяг руу явж байсан бүх акц, дайралтууд яг л нэг арга барил, нэг хүмүүсийн гараар сүүлийн хэдэн жилийн турш Оюун-Эрдэнэ дээр давтагдаж бга. Сайханбилэг Ерөнхий сайд болж аваад М.Энхсайханыг сайд болгож, Тавантолгойн ордыг MCS, Шэнхуа хоёрт өгөх хэлэлцээр эхэлсэн. Тухайн үед Ерөнхийлөгч Элбэгдорж Цензургүй яриагаар орж, удахгүй нүүрс үнс болно хувьд өгчих гэж лоббидож, Оджаргал өөрөө Чухал 100 сэдвээр танай улсын төсөвт ийм мөнгө орно гээд хэдхэн зуун сая доллар цаасан дээр бичээд бариад сууж байгаа архив ютүбд өнөөдөр ч байж байна. Нүүрсний салбарт шинэчлэл шаардаж байгаа бол Чухал 100 сэдэв нэвтрүүлгийг тэр дугаарыг нэг үзчээрэй. Хувьдаа баяжиж, улсдаа өр хулгай хоёр үлдээсэн П.Очирбат, Сү.Батболд, С.Баяр гээд хулгайчууд бүгдээрээ сайхан цуглаад улсын орд хуульчлан дээрэмдэх тухай чухал царайлан ярьж суугааг олж үзэх болно. 

Оджаргалын зодчих гээд үзүүлээд байсан мөнгийг улсад үлдсэн Тавантолгой дараа нь хагас жилд улсын төсөвт оруулсан бдаг. Телевизээр зогсохгүй Твиттер, Фэисбүүкт ТОМ төслөө хөдөлгөе уриатай коммунист улаан постерууд тарааж, эсрэг саналтай хүмүүсийг сүргийн буллигээр машиндаж, Сайханбилэг ЕС улс даяар мэссэжээр санал асуулга авч байлаа. Ядуу нийгмээс том том орд авсан картелууд ингэж төр нийгмийг Ерөнхийлөгчтэй, Засгийн газартай, хэвлэл мэдээлэлтэй юутай хээтэй нь бүхэлд нь шилдэж санаан зоргоор хөдөлгөх хүчтэй болдог. 

Тэгэхэд энэ бүх хүчний эсрэг стратегийн ордоо авч үлдсэн нь Монгол Улсын парламент юм шүү. Нэг ингэж өвөртөө оруулан алдаад алдсан ордыг яаж авах вэ гэсэн бодлогыг нүүрсний картелууд өдөр шөнөгүй бодож байгаа. Оюукын оронд суулгах дараагийн Сайханбилэг, дараагийн Энхсайханаа бэлдэж, залуусын жагсаалыг өөрсдөдөө ашигтай эргүүлэх бүх нүх сүвийг эрэлхийлж байгаа. Тиймд залуус минь нүүрсний картелуудад тэмцлээ завшуулж, баялгаа вагоноор төдийгүй хуулиар нь системээр нь дээрэмдүүлэхгүйн тулд 1д мэдлэг мэдээлэлтэй байх, 2т өөрсдөө жагсаал тэмцлийн зорилго, шаардлагаа машид тодорхой байлгах, 3т хөндлөнгийн органик биш зохиолтой оролцогчдод сонор соргог байгаарай. Улс орноо, өөрсдийн чинь ирээдүйг бодоод хэлээд бн. Тавантолгойн орд, нүүрсний салбар тэр чигтээ картелуудын хяналтад орвол Монгол Улс тэгээд Африкын явсан замаар эргэлт буцалтгүй орно шүү.

Залуусаас гадна залуу Ерөнхий сайдад: Улсын ордоос тасалж авчихаад сэтгэл цадахгүй цааш нь шунаад байгаа картелуудыг нэгмөр номонд нь оруулж, төрийн төмөр нүүр үзүүлэх хэрэгтэй.
1. Өмнө нь улстөрийн махинацаар авсан стратегийн ордуудаас гарч бга мөнгөнд бодлого хэрэгтэй. Дор хаяж тодорхой хувийг дотоодын биржээр хувьчлана гэсэн хууль зөрчигдсөөр ирсэн, тэрийг мөрдүүлэх. 
2. Стратегийн орд хувьчилж авсан мөнгөөр бусад салбарт жижиг бизнесүүдийг намнадаг, өрсөлдөөн боомилдог, хуушуурын гуанзтай хүртэл өрсөлддөг шударга бус практикыг өрсөлдөөний хуулиар зохицуулах.
3. Татвар, гаалийн хяналтаар улс орны баялгаас хувьд авсан группууд роялти, татвараа гүйцэд төлж бга эсэхийг хянах. Улсын орд газрыг авахын төлөө медиа кампэин, тархи угаалтад зарцуулагддаг хөрөнгөний эх үүсвэрийг тодорхой болгох
4. Улсад үлдсэн Тавантолгойн орд зэрэг бусад ТӨК-өөс хэсэгчлэн яаралтай либералчилж, нэг картелийн санаархал, улстөрөөс ангид байхуйц паблик хяналт тогтоох

зэрэг ажлуудыг цаг алдахгүй хийх хэрэгтэй. Манай улстөрд Эрдэнэт, Тавантолгойг хэн авсан нь Монголыг хаанчилна гэгдэж ирлээ. Ард түмэнд, зах зээлд нээлттэй болгох тусам нэг нь хаан суух аюулаас хамгаална. Нээлттэй болгох арга ухааныг дэлхий хэдэн зуун жил хөгжүүллээ. Хулгайчийг баривал сайн, хулгай хийх боломжгүй бол бүр сайн биз дээ. Өнөөдөртөө хулгайчийг барих чухал ч хамгийн чухал нь хулгай хийх боломжгүй тогтолцоог бий болгох гэдгийг л мартаж болохгүй.


Өрнөж буй жагсаалын тухайд
           Хүн бол маш аминч амьтан. Цаг үргэлж зөвхөн өөрийн төлөө санаа зовж, өөрийн утсан чинээ эрх ашгаа бүх юмны дээгүүр тавьдаг шинж чанартай.  Ерөөсөө л хүний байгалийн өгөгдөл нь угаасаа л нэг тийм “амьтанлаг”. Харин Төр гэгч  хүнийг төрийн эрх ашгийн төлөө зольж байхын тулд, бүхэл бүтэн цогц тогтолцоог бий болгож, аминч шинж чанарыг нь аль болохоор дарж,  хамтач  үзэл, бахархал, үнэт зүйл, баатарлаг байх, эх оронч байх үзлийг цаг үргэлж тордож байдаг. Ингэж сэтгэлгээ нь “тордогдсон” хүмүүсийн нэгдэл нь өөрөө ард түмэн болдог, тэд хамгаалах нэгдмэл үнэт зүйлтэй, хамтач үзлээр хүмүүжигдсэн учраас тэмцэлд нэгдэн босох чадамж нь ч илүү, юуг зөв, юуг буруу гэдгийгээ ижил байдлаар мэдэрдэг. Нэг үгээр төр нь хүнд заяасан байгалийн амьтанлаг суурь шинж чанар дээр нь “нийгмийн” шинж чанарыг суулгаж өгч байж, сая л хүн хүн болдог... Тэгэхээр Монголчууд л ганцхан аймхай хулчгар,  хар амиа бодсон үндэстэн гэж ярих нь өөрөө өрөөсгөл юм. Зүгээр л Монголд өнгөрсөн хугацаанд Монголчуудыг хүмүүжүүлж, сэтгэлгээг нь “тордох” төр байсангүй. Тиймдээ ч тэд яг байгалийнхаа өгөгдөл дээрээ өөр хоорондоо харилцах төдий байдлаар эзэмшсэн нийгмийн шинж чанар төдийхөнтэй л байгаа хэрэг (Төргүйдсэнээр энэ чиглэл дэх төрийн үүрэг орхигдсон). Олон Монгол хүнээс асуухад тэд эх орон гэдэг ойлголтыг өөрийн ойр тойрны хайртай хүмүүс гэр бүлээрээ төсөөлдөг, өөрт нь хамааралтай хүмүүст л гай зовлон учрахгүй, өөрөө болон өөрийнхөн нь л болж бүтэж байвал тэдний хувьд тэгээд л болоо...
          Нэгэнт байгальлаг нь дийлсэн хүн өөрийн “тухлаг бүс”-тээ тав тухаа нэгэнт олчихоод тэндээсээ сайн дураар өөрийн хүслийн дагуу гарч ирж, ямарваа нэг тэмцэлд татагдан ордоггүй юм. Тийм болохоор л гэртээ буйдан дээрээ суугаад утсаа ухангаа идэвхигүйгээр дэмжиж байгаа үй олон хүнийг бодит үр дүнтэй тэмцэлд татан оруулахын тулд бүхэл бүтэн механизм ажиллах шаардлага үүсдэг.  Харин Монголчууд, (магадгүй Монголын тэмцэгчид ) жирийн хүмүүсийг буйдангаас нь татаж гаргаж ирэх механизм үүсгэхийн оронд зүгээр л ирэхгүй байна, дэмжихгүй байна гэж л гонгинодог. Тэд тэмцэх систем үүсгэхийн оронд, зүгээр л сэтгэл зүрх ярьдаг, үр дүнд нь тэдний тэмцэл үргэлж  хоосон хана мөргөж бүтэлгүйтдэг юм...
          Би энэ үгээрээ гэртээ буйдан дээр сууж байсан жирийн хүмүүс зүгээр л гэнэт нэг өдөр цуглаад л эрх баригчдыгаа эсэргүүцсэн жагсаал хийгээд байгаа гэсэн Монголчуудын ойлголтыг үндсээр нь няцааж байна. Тэгэх боломж байхгүй, тийм юм ч ер нь бол болдоггүй. Олон хүнийг цуглуулж байгаа ямар нэг механизм ил ба далд ямар нэг байдлаар үргэлж ажиллаж байдаг... Харин тэрийг нь л Монголчууд олж харж чадахгүй байгаа учраас “Органик” жагсаал гэсэн шүү тэнэг нэр олж өгөөд, хөөрцөглөөд байгаа юм.
        Би 07 сарын 01-ны өдрийг дурсах дуртай. 06 сарын 28-нд нь Төрийн ордныг барилгын засвар хийнэ гэсэн нэрээр их өндөр төмөр хашаагаар таглачихаад, 07 сарын 01-ны өглөөгүүр 11 цагийн үед буюу жагсаал цуглаан хараахан эхлээгүй байх үед Соёлын Төв ордны ард нэлээн далдхан байдалтайгаар Автомат буугаар зэвсэглэсэн цэргүүд нуугдаад зогсож байсан юм даг. Тэр өдөр юу болсныг бүгд мэднэ, гэхдээ яагаад болсныг мэддэг хүн цөөхөн байх... Төрийнхний хувьд энэ жагсаал огт гэнэтийн явдал байгаагүй нь тэдний урьдчилан бэлдсэнээс харагддаг юм. Тэгсэнээ сүүлд нь гэнэтийн аймшигтай явдал байж, шийдвэр гаргахад асар хүнд байсан талаар төрийн “гол дүрүүд” хожим дурсдаг!
              2008 оны сонгуулиар улстөрийн гуравдагч хүчин болох Иргэний Хөдөлгөөний нам ихээхэн хүчтэйгээр оролцож, маш олон хүний дэмжлэгийг авч байсан юм. Би тэр үед хотын зах орчмоор явж, хүмүүсээс хэнийг дэмжиж байгааг нь сонирхож асуухад арван хүний долоо нь ИХ намыг дэмжиж байгаагаа хэлж байсан юм. Ингээд сонгуулиар асар өргөн хүрээтэй сонгуулийн луйвар хийгдэж, нөгөө ялна, ялдаггүй юм аа гэхэд парламентийн  нэлээн олон суудлыг авна гэдэгтээ итгэлтэй байсан ИХ нам хуйгаараа саналаа луйвардуулснаас болж ялагдах нь тэр. Энэ уурандаа тэд дэмжигчдээ аваад талбай дээр ирэхэд тэднийг аль хэдийн бэлдчихсэн “урхи” хүлээж байсан гэж надад ойлгогддог юм. ИХ намын гишүүд дэмжигчдийн эсэргүүцэл дээр угаасаа МАХН-д дургүй байсан олон иргэд, мөн хажуугаар нь өнгөрч явсан жирийн олон хүмүүс нэгдэн оролцсоор, хүмүүсийн тоо маш олон болж, жагсаалыг хянахад, удирдахад хэцүү болж эхэлсэн. Яг энэ үед нь МАХН-ын, цагдаагийн олон хүмүүс жагсагчид дунд ороод, жагсаалыг илт хүчирхийллийн шинжтэй болгож эхэлсэн. Цаашлаад өнөө жагсаал удирдагсдыг өөрсдийг нь чулуугаар шидэж, 16 цагийн үед хөөж явуулснаар, талбай, МАХН-ын байр орчимд цуглаад байсан тэр олон хүн удирдлага, зохион байгуулалттгүй, бас дээр нь зорилгогүй болсны улмаас эхнээсээ тайвнаар тарж эхэлсэн. Яг энэ үед л цагдаа нар иргэд лүү ямар ч шаардлагагүй байх үед нь резинэн сум, хийгээр буудаж, хүмүүсийг уурлуулж эхэлсэн байдаг юм... 
           Цагдаа нар хүмүүсийг зориуд  уурлуулсаар, жагсагчид дунд байсан цагдаагийнхан ч жагсагчдыг хөөргөж, хүчирхийлэлд уруу татсаар (Баригдсан хүмүүсээс их олон хүн урд нь уриалаад, дайраад, чулуу шидээд гүйж байсан хүмүүс дараа нь өөрсдөөс нь цагдаагийн дүрэмт хувцас өмсөөд байцаалт авсан талаар дурссан байдаг.) эцэст нь цагдаа ба иргэдийн хооронд шууд мөргөлдөөн, чулуун болон гардан тулаан болж өргөжсөн юм... Дээр нь тэр өдөр талбай дээр орой нь шоу болно гэж зарласан байсан тул орой болох тусам оролцогчдын тоо улам нэмэгдсээр л байсан. Ингээд шөнө болоход онц байдал тогтоож, жагсагчдыг хүчээр буулгаж авсан байдаг юм. 
           07 сарын 01-ний энэ үйл явдал нь ИХ намын удирдагчдыг нь шинээр зандалчлах гэдэг зүйл анги баталж байгаад шоронд хорих боломж олгож, ИХ намыг нь харин улам сулруулахын тулд нэгэнт улстөрийн хамгаалалтгүй болсон дээр нь тулгуурлан дараагаас нь ИХ намын гол санхүүжилтийг нь босгодог АНОД банкыг хүчээр дампууруулж, эздийг нь ч бас шоронд барьж хорьсон юм. Үр дүнд нь Монголд дөнгөж төрсөн улстөрийн гуравдагч хүчин өлгийндөө булшлагдсан. 07 сарын 01-ний өдрийн тэр олон хүмүүсийг “тухлаг бүс”-ээс нь гаргаж, эрсдэлтэй мөргөлдөөнд түлхэн оруулахад маш хүчирхэг механизм ажилласан гэж би боддог. Жагсаал цуглаан, тэмцэл өөрөө л хар аяндаа бий болчихдоггүй, үргэлж ямар нэг механизм ард нь ажиллаж байдаг учраас 07 сарын 01-ний үйл явдлын ард “ямар нэг” автор бий. Тэр автор нь хамгийн их ашгийг олсон!
       Ойрын хоногуудад “Нүүрсний хулгай”-н асуудлаар иргэд удаа дараалан талбай дээр гарч жагсаж байна. Үүнийгээ тэд сэтгэл зүрхээрээ иргэд гарч ирж, уг аймшигтай том хулгайг эсэргүүцэн  жагсаж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ харамсалтай нь асуудал үргэлж харагддаг шигээ байдаггүй юм...
         Анх жагсах талаар Сошиалаар мэдээлэл тарж эхлэхэд нь л би үүнийг шууд МАН-тай холбож ойлгосон. Учир нь энэ жагсаалыг зохион байгуулах гэж байгаа эзэн гэж байгаагүй, харин эзэнгүй үйлдэл гэж хаана байх билээ дээ? Ямар нэг эзэн байж л таарна, тэр нь харин өөрийгөө далд байлгаж чадахынхаа хажуугаар үүнийг хийж чадна гэхээр МАН-аас өөр эзэн огт төсөөлөгдөөгүй юм. Бас талбай дээр зөвхөн МАН л жагсдаг, бусдыг нь харин жагсаахгүй хөөдөг болчихсон...
            Юутай ч өөрийн нүдээр дүгнэлтээ бататгахыгаа би илүүд үзэж, жагсаалын эхний өдөр эртхэндүү талбай явж хүрсэн юм. Дөнгөж л үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг их удаагүй жагсаал цэгцрэх гэж оролдож байх үед нь би таарсан. Тэнд очоод ганц нэг пичень идэж суунгаа харахад л, хар багаасаа МАН-аар явчихсан, Нямбаатарын удирдлаганд байдаг зүс мэдэх залууг би тэнд олж харсан, цаашлаад МАН-тай салшгүй найз болсон Даяар Монголын Бямбатулга гэдэг залууг тэнд зохион байгуулагчдынх нь дунд зогсож байхыг нь мөн бас олж харсан юм. Цагаан хоолойгоор яригч нь нэг их өөрөө хүсээгүй, зүгээр л хэлэх үүрэгтэй болоод, онцын агуулгагүй үгсийг хоосон чалчиж байсан даг. Эргэн тойрныг нь гүйцээж харахад, харваас оффист суудаг хоёр залуу эмэгтэй урьд шөнө хэвлүүлсэн байрын лоозунг эвхээд хоёр талаас нь дамжлаад талбай орж ирж байв, дээр нь цуглаж буй хүмүүсийг хайрцаглах байдалтайгаар ганц нэгээрээ зайдуухан залуучууд зогсож, харин яг хүмүүс дотор хүмүүсийг идэвхижүүлэх үүрэг хүлээсэн байрын идэвхитэй залуучууд хоёр гурваараа чанга чанга ярьж, илтгэгчийнхээ дутууг нөхөж байсан... Харин тэдний голд итгэл найдлага тээсэн харцтай, манай улныхан бөөгнөрөн зогсчихоод, юмсыг өөрчлөх хүслийнхээ төлөө цагаан хоолойгоор яригчийн агуулга муутай яриаг сулхан дэмжиж зогсож байсан юм! Итгэл найдлага тээсэн, юу хийхийгээ мэдэхгүй хүмүүс нэмэгдсээр, харин би нэгэнт бататгаад дүгнэчихсэн учир, МАН-ын тэр жагсаалаас явж одсон юмдаг...
           Хүмүүсийн “тухлаг бүс”-ийг нь МАН өнгөрсөн жилүүдэд эвдсэн учраас л дулаан гэрээсээ хүйтэн талбай руу ямар нэг зүйл өөрчлөх хүсэл тээн хөдлөх хүмүүсийн тоо нэмэгдсээр, мэдээж хэрэг тэдний эрч хоорондоо халдварлаж, үүрэг хүлээснээсээ болж оролцож байгаа хүмүүсээс илүүтэйгээр “үнэн сэтгэлээсээ” жагсаж байгаа хүмүүс нь олшрох тусам энэ жагсаал нэлээн “Органик” жагсаалын шинжийг олсныг би сошиалаас харсан л даа. Гэвч мөн чанар нь юуг ч шийдэх чадамжгүй гэж дүгнэсэн дүгнэлтээсээ ухраагүй...
           Эхний өдрийн жагсаал амжилттай явагдсан ч, МАН-ын хүссэн үр дүнд хүргээгүй... Тийм болохоор Учралын “мэдлийн” Их засаг их сургуулийн оюутнуудыг нэг өдөр чөлөө олгож бөөнөөр нь талбай руу юүлсэн (Энэ нь жагсаалд Учрал, Нямбаатар хоёр ямар нэг байдлаар илт оролцож байна гэсэн үг)... Тэгэж байж л сая нэг хүн ихтэй болж, тэр дунд сая л нэг МАН-ын хүссэнээр төрийн ордон луу дайрах хувилбар хагас дутуу хэрэгжсэн гэж үзэж байна. Төрийн ордон луугаа зохиомлоор дайруулж аваад, араас нь шууд онц байдал зарлах хувилбар юутай ч бэлэн зэхээтэйгээ байсан байгаа юм шт. (Ямар сайндаа юу ч болж мэдэх аюултай нөхцөл үүсгэж мэдэх шинж байсан учраас би ядаад сторигоороо дамжуулан, жагсаалаас хол байхыг сануулахад хүрсэн)... Онц байдал зарлах шалтаг гаргуулж авмагцаа жагсагчдыг тэр өдөр талбайгаас шууд хөөсөн. Дөрвөн замын уулзваруудыг цэрэг ирж хаасан. Онц байдал зарлаагүй байхад л, онц байдлын үед хэрэгжүүлдэг арга хэмжээг шууд авч хэрэгжүүлсэн. Тэгсэнээ 30-аад хүн гэмтэж, төрийн ордны хамгаалалтын 13 ажилтан гэмтэж бэртсэн гэх мэтийн худал мэдээлэл эрчимтэй цацаж байсан юм. Нэг үгээр одоогийн засгийн газар онц байдлыг тогтоож аваад ямар нэг хуульд баригдалгүй “чөлөөтэй” ажиллахыг эрмэлзээд байна. Гэвч Онц байдал тогтоохыгоо зөвтгөх хэмжээний мөргөлдөөн талбай дээр огт болсонгүй, тиймдээ ч арай ч улайн цайм онц байдал тогтоосонгүй, уулзвар хаасан цэргүүдийг ч буцаан татсан...
         Одоо тэгэхээр яагаад ийм жагсаал МАН-д шаардлагатай болов? 
       Нүүрсний хулгай.  Хулгайлагдсан нүүрсний хэмжээ Оюу- Эрдэний хэлээд байгаа шиг тийм хэт их биш гэж үзэх хэрэгтэй (440 их наяд төгрөгний үнэ бүхий нүүрс гэж хэлсэн). Тэр хүмүүсийг цочроож уур хилэнг нь хөдөлгөж эсэргүүцэж жагсах сэдлийг нь өдөөхийн тулд зориуд ихэсгэж хэлсэн. Дээр нь нүүрсний хулгайг ердөө л хэсэг бусаг хүмүүс үйлдсэн гэж үзэж огт болохгүй. Үүнийг Монголын төр өөрөө хулгайлсан гэж үзэх хэрэгтэй.  Учир нь бүх эрх мэдэл Хүрэлсүхтэнгүүдэд байхад, тэд огт мэдээгүй байна гэж байхгүй. Тэд нэг бол өөрсдөө их хэмжээний нүүрсний орлогыг хууль бусаар нуун дарагдуулж, юунд ч ашиглаж болох ямар ч тооцоонд ороогүй, хууль бус бохир мөнгөний их хэмжээний нөөц үүсгэсэн байна (Путинчууд шиг). Энэ нөөцөө ашиглан эрх мэдлээ улам бэхжүүлнэ. Эсвэл тэд өнгөрсөн хугацаанд нүүрсний бизнес эрхэлдэг аж ахуй нэгжүүдийг зориуд хууль бусаар нүүрс гаргаж орлогоо нуун дарагдуулахаас өөр аргагүй болтол нь зориуд шахсан. Ингээд тэдний үйлдлийг нэг бүрчлэн баримтжуулж аваад, одоо Монголын томоохон бизнес эрхлэгчдийг намнах зорилгоор хүмүүсийн анхаарлыг зориуд нүүрсний хулгай дээр төвлөрүүлж, тэднийг ард түмний дайсан болгож нийгэмд харлуулж байгаад, тэдний том бизнесүүдийг төрийн хүчийг ашиглан булааж авах бодолтой байж тун болзошгүй. Ер нь бол энэ хоёр хувилбар хоёулаа үнэн байх магадлал өндөр... 
      Учир нь С. Ганбаатар гарч ирж мэдэгдэл хийхдээ шууд Монголын 3 томоохон бизнес эрхлэгчийг нүүрсний хулгайч гэж нэр цохож хэлсэн. Оюун-Эрдэнэ болохоор Хурц нарын хүмүүс мөн талбай дээрх жагсаалыг төрийн ордон луу дайруулах гээд байна гэсэн байдлаар хэлсэн. Бас MCS компани ажилчиддаа чөлөө өгч талбай руу оруулж байна гэж мэдэгдсэн. Энэ нь жагсаалыг, ард түмнийг тэдэн лүү турхирч буй шууд хэлбэр.
     МАН өнгөрсөн жилүүдэд хэт хүчирхэгжсэн. Түүний хүчирхэгжилт нь түүнийг дараагийн хөгжлийн шат руу оруулах үйл явц явагдаж байна. Энэ нь Оросын Нэгдсэн Орос нам, Хятадын Коммунист нам шиг дангаараа бүхнийг эрхшээсэн, хэзээ ч төрийн эрхнээс шахагдан гарахгүй болтлоо, төрийн эрхийг тас атгасан хэв маяг руу оруулж байна. Одоо МАН нүүрсний хулгайн асуудлаас үүдэн цугласан олон түмнийг Засгийн газрын үйл ажиллагааг ард түмэн дэмжиж байгаа гэж харагдуулж аваад (Угаасаа тийм л зорилгоор олон түмнийг талбай руу жагсаалд татаж байгаа), нүүрсний хулгайтай засгийн газар тэмцэхийн тулд эрх мэдлээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн хачин үндэслэл гаргаж ирээд, үндсэн хуульд өөрчлөлт оруулна байх. Угаасаа жагсагчид тогтолцоогоо өөрчлөхийг шаардаж буй, харин яаж өөрчлөхийг нь МАН-ын гарууд шийднэ гэсэн үг.. Энэ жагсаал бол Монгол хүний тархийг угаах зорилготой жүжигчилсэн тоглолт, дээхнэ үед Бөмбөгөр ногоонд болсон шүүх хурал шиг л...
           Бас дээр нь Нүүрсний хулгайчид нь хэн байх вэ гэвэл, МАН-д шууд захирагддаггүй, эсвэл МАН дотор Хүрэлсүхтэнгүүдэд удирдагддаггүй хүмүүс рүү асуудал чиглэх болно. Тэднийг “ард түмний дэмжлэгтэйгээр” нуга дараад авчихвал Оросын хүссэн засаглал руу Монгол шууд яваад орчихно... Хүрэлсүхтэнгүүдийн засаглал...
        07 сарын 01-ний жагсаалыг төлөвлөж гүйцэлдүүлснээр, гуравдагч хүчнийг нуга дарсан бол, харин одоо 12 сарын 05-ны жагсаалаар хоёрдагч хүчнийг нуга дарах болно. Учир нь ардчилсан нам задраад удаа дараалан сонгуульд ялагдсанаар улстөрийн хамгаалалт нь сул болсон, үүн дээр тэдний санхүүжилтийг босголцдог үндэсний Бизнесмэнүүдийг дараад авчихвал, Ардчилсан нам ирэх сонгуулиар амжилт олох байтугай бие даан оршиж байх суурьгүй болох болно.  Ингээд нэг намын үнэмлэхүй дангаар ноёрхох Орос, Хятад маягийн хувилбар луугаа Монгол орон орох болно. МАН дотроо Хүрэлсүхийг сөрөгсдийг ч энэ үйл явцаар далимдуулан цэвэрлэх болно. Ингээд иргэд нэг л мэдэхэд Нүүрсний хулгайчуудыг ялсан баатарлаг засгийн газрыг олж харах үедээ өөрсдөө ардчилсан эрх чөлөөгөө бүрмөсөн алдчихсаныгаа ч бас олж мэдэх болно, тэр үед мэдээж хэрэг оройтчихсон байх нь ойлгомжтой... 
          Тийм болохоор энэ жагсаал бол эхнээсээ сайтар боловсруулсан жүжиг байсан, энэ жүжигт өөрийн “дүр"-ээ мэдэхгүй сайн дураараа ирж оролцож байгаа иргэдийг үзэгчийн байр луу нь шахахын тулд “жүжигчин” тодорч хөтөлж эхэлсэн. Ингээд иргэд жүжиг үзэж баясаж, харин тэр жигтэйхэн итгэл үнэмшилтэйгээр үзэж байгаа жүжиг нь иргэдийн амьдарлыг улам бүр дордуулах хүчнийг улам их хүчтэй болгоход ашиглагдаж байгаа... 
          Ер нь ингэхэд хэн та нарт тэмцэл бол жагсаал гэж хэлж өгсөн? Гараад л жагсчихвал бүх юм сайхан болчихно гэсэн ойлголтыг юу та нарт суулгаж өгсөн? Магадгүй 1990 оны үйл явдлаас тийм ойлголттой болсон уу? Яг үнэндээ 1990 оны үйл явдал чинь ч өөрөө хүчнүүдийн тоглолт байсныг ойлгох хэрэгтэй. Бүх үйлдвэрийн ажилчдыг нэгдсэн журмаар цалинтай чөлөө өгөөд, нэг ч хүн дутаалгүй жагсаалаар нь элдэв лоозун бариулсаар төв талбай руу юүлж байсан ил харагдахгүй механизм  оршиж байсныг мэдэх хэрэгтэй. Тэр үед тоталитар төр оршиж байхад ямар ч үйлдвэрчний эвлэл төрийнхөө эсрэг илт дайсагнасан ийм үйл ажиллагаа явуулж үл чадах, тэгэхээр түүний ард БНМАУ-ын төрөөс ч хүчтэй “ямар нэг зүйл” нөлөө үзүүлж байсан гэсэн үг юм. Монгол оронд чухам юу БНМАУ-ын төрөөс хүчтэй байж чадах вэ гээд бодоход ЗХУ-ын элчин сайдын яамнаас өөр хувилбар гарч ирдэггүй юм. Тэгэхээр Батмөнхийн хувьд талбай дүүргэн жагссан Монголчуудыгаа хүндэлж засгаа огцруулсан юм биш, Монголд байршиж байсан ЗХУ-ын цэргийн их хүчнээс айсандаа ум хумгүй зугтахыгаа илүүд үзсэн юм. (Монголын төрийг нурааж, шинэ төр байгуулагдаж бэхжихтэй нь зэрэг л сая нэг Зөвлөлтийн цэрэг гарч явсан.) Жагсаалын үр дүнд шинээр гарч ирсэн залуучууд нь Лениний хөшөөн дээр очиж үйл хэргийг нь үргэлжлүүлэхийгээ ЗХУ нуртал амладаг юм. ЗХУ нурсны дараагаас л тэд АНУ-ийн нөлөөгөөр илт ардчилсан байр суурьтай болж хувирцгаасан... Маш ерөнхийд нь хэлвэл тийм л үйл явц. 1990 оны жагсаалаас болж БНМАУ-ын төр нурсан юм биш, харин БНМАУ-ын төр нь ЗХУ-ын төрийн явуулж байсан бодлогыг сөрж дийлэхгүй болоод нурж унасан юм...         Тийм болохоор жагсаал юмсыг өөрчилнө гэж хоосон бүү найд! Тэр тусмаа зүгээр л хувь хүмүүс нийлээд жагсчихдаг “Органик” гэх жагсаалууд... Улстөрийн үйл явцын ард үргэлж хүч оршиж байдаг, тэрнээс хий хоосон сэтгэл зүрх биш. Сэтгэл зүрх чинь хүчтэй нэгний уланд няц гишгэгдэхийг улстөр гэдэг юм! Тийм учраас тэмцэх бодол санаа агуулж л байгаа бол чи хүчтэй болох ёстой байдаг. Болушка гэгч ихээхэн ёжтойгоор хэлсэн байна билээ, “жагсаж байхаар ном уншаач” гэж. Учир нь та нар өөрсдийн хүсэж байгаагийнхаа яг эсрэг зүйл дээр сэтгэл зүрх яриад очиж нэгдэж жагсаад буруу зүйлдээ улам бүр хүч нэмээд байгаа...
           Орос Украинд дайтаж ялагдаж буй нь Оросын орон зайг, нөлөөллийг шахан гаргах сайхан боломжийг их олон улсад өгч байгаа. Оросын нөлөө Европ, Төв Азиас шахагдаж гарч байна. Яг үүн шиг Оросын Монгол дахь нөлөөг Хятад боловсоноор шахан гаргах идэвхигүй үйлдэл нь тэд Монгол дахь нүүрсний хулгайг илчлэх явдал байсан юм. Учир нь энэ нүүрсний хулгайг Оросуудын үгэнд оромтгой Монголын төр засаг, МАН өөрөө өргөн хүрээнд оролцож, хулгайлсан нь ойлгомжтой. Тийм болохоор Хятадууд Оросын талыг баримжаалсан “бохир” төр засгаа Монголчууд мэдээд, эсэргүүцэж салж, эрүүлжиг гэсэн үүднээс энэ мэдээллийг бүр олон улсад зарлачихаж байгаа юм. Тэд Монголд төр нь хулгай хийснийг мэдэхгүй тэнэг хүмүүс биш... Харин үүнийг нь Орос бүр эсрэгээр нь өөрийнхөө үгэнд оромтгой засгийг улам бэхжүүлэх жүжиг болгож хувиргаж байна. Монголчууд ориг нүүрсний хулгайчуудыгаа даган баясаж, ямар нэг нүүрсний хулгайч олж авах, барьж авах эрэлд гарч эхэлж байна, энэ жагсаалын үр дүнд...
          Ер нь яагаад хөдөөний мангар залуучууд хотод орж ирээд, том дарга хийгээд, Монголчуудын хувь заяаг бүхэлд нь шийддэг болчихсоныг бодож үзсэн үү? Нямбаатар, Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх, Занданшатар нар хөдөөний л мангар залуучууд шт. Харин мангар залуучуудыг өөд нь татаад, өөрийн эрх ашгаа хамгаалуулах бол, Оросын өнгөрсөн 100 жилийн шалгарсан арга нь байсныг Манай түүх гэрчилнэ. Дахин нэг “Чойбалсан”-тай болмоор байна уу та нар?


Энэ нэлээн бодитой, ул суурьтай мэдээлэл байна. Ergelt.mn баярлалаа. Дуустал уншаарай. Цуврал 1 гэнэ.

❗️ТАНИЛЦ: НҮҮРСТЭЙ ХОЛБООТОЙ УЛСТӨРЧДИЙН НЭРС❗️

Ergelt.mn сайтын  “Эрэн сурвалжлах нэгдэл”-ээс нүүрстэй холбоотой улстөрчдийг нэрсийг нэгтгэн танилцуулж байна. Магад, энэ жагсаалт “Нүүрсний бүлэглэл” гэж хэн бэ гэдэг асуултад хариулт олоход туслах биз. 
 
1. “М Си Эс”-ээр “овоглогдог” УИХ-ын гишүүд буюу Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Нүүрсний хулгайг “М Си Эс”-ийн Ж.Оджаргал, “Голомт”-ын Д.Баясгалан, “Апу” П.Батсайхан нараар толгойлуулсан бүлэглэл үйлдсэн” гэж мэдэгдэв. “М Си Эс”-ийн хувьд Өмнөговьд “Энержи ресурс” ХХК “Ухаа худаг”-ийн нүүрсний ордод олборлолт хийдгийг танилцуулах илүүц биз. Чухамдаа нүүрсний хувийн хамгийн том уурхай бол тэднийх. Тэгвэл УИХ-д “Энержи ресурс” ХХК буюу “М Си Эс” группт хамааралтай гишүүд УИХ-д хэд хэд бий. 
 
Тодруулбал, 
 УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа нь “М Си Эс” группийн харьяа “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилладаг. Товчхондоо, “М Си Эс”-тэй хувь, хувьсгалын “хэтэвч” нэгтэй хамтрагчид гэх. Мөн Д.Цогтбаатар өөрөө ч уул уурхайтай холбогдож явсан үе бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гадаадад оффшор данстай гэх мэдээлэл 2016 онд задарч байв. Түүний нэртэй хамт  Сү.Батболдын нар дагалдаж байлаа. Улмаар Д.Цогтбаатар, Сү.Батболд нар зэрэгцэж суугаад хэвлэлийн хурал хийсэн. Ингэхдээ Д.Цогтбаатар “Австрали найз маань Монголд хамтарч бизнес хийе гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” компани биднийг урьсан. Монголдоо хөрөнгө оруулалт татъя гэж бодсон. Түүнээс биш оффшор данстай нь ямар ч холбоогүй” гэх тайлбар хийгээд өнгөрсөн байдаг. 
 
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэр Д.Бадамцэцэг нь “М Си Эс монголиа” ХХК-ийн үндсэн долоон хувьцаа эзэмшигчийн нэг. Д.Бадамцэцэг “М Си Эс холдинг” ХХК-ийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байхдаа “Энержи ресурс” компанийн IPO-г гаргалцсан том гавьяатай. Дээрээс нь, Ц.Мөнх-Оргил “М Си Эс” группийн Ерөнхийлөгч Ж.Одтой дотно найзууд буюу Нийслэлийн 23 дугаар сургуульд 10 жил хамт сурсан, цэрэгт явахдаа нэг ангид, бүр нэг салаанд хуваарилагдсан, хуучнаар ЗХУ-ын Олон улсын харилцааны дээд сургуульд хамт суралцаж төгссөн гээд яг ижил намтартай. Чухамдаа тун дотно найзууд. 
 
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 2015 оны ХОМ-тээ “М Си Эс монголиа” ХХК-д 18 тэрбум төгрөгийн өртэй гэж мэдүүлсэн нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Харин Ц.Мөнх-Оргил тэр даруйд нь тайлбар хийж “Манай эхнэр “М Си Эс холдинг” ХХК-иас “Гоёо” ХХК-ийг худалдаж авсан. Гэхдээ төлбөрийнхөө 25 хувийг бэлнээр төлж, 75 хувийг нь зээлээр авсан. Тэр өр миний ХОМ-т дурдагдсан. Гэхдээ “Гоёо” ХХК-ийн 75 хувийг “М Си Эс холдинг” ХХК-д буцаагаад өгчихсөн учраас ямар ч өр төлбөргүй болсон. Манай эхнэр “Гоёо” ХХК-ийн үлдсэн 25 хувийг эзэмшдэг” гэж тайлбарлаж байв. 
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ба ХНХ-ын сайд Т.Аюурсайхан
 
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй төрийн ордонд, Т.Аюурсайхан Баабартай твиттерт нүүрсний хулгайчаараа дуудалцаж, чи, би-дээ тулж байлаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд ЗГХЭГ-ын дарга байх хугацаандаа "Эрдэнэс тавантолгой" ХК-д эзэн суух аядсан гэцгээдэг. Тухайлбал, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Ариунболдыг томилуулж, түүнийг ашиглан нүүрсний гэрээг "шаг"-д гаргаж, хулгайд дэлгэрүүлсэн гэх нь бий. Харин Т.Аюурсайханы хувьд Д.Ариунболдын дараа "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Ганхуягтай тун ойр. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр Ардын намын ах нарынхаа төлөө төв талбайд хэдэнтээ хамт жагсаж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд майханд хамт хонож явсан хоёр. Тиймдээ ч Т.Аюурсайхан Б.Ганхуягийн "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал байх хугацаанд "хөрөнгөжиж" амжсан гэдэг. Өнгөрсөн зуны наадмаар алдар цуутай уяач нар Т.Аюурсайханыг асар өндөр үнээр хурдан удмын морьд худалдан авч, адууны жүчээ хүртэл барьсныг нь нийтэд дэлгэж байсныг сануулах нь зөв болов уу. Ингэж харвал, энэ удаагийн "Нүүрсний бүлэглэл"-ийн хэрэгт Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын нэр зүй ёсоор багтах болов уу. 
 
2. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг
 
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр майнинг лимитед” компанийн 51 хувийг эзэмшдэг. “Аспайр майнинг лимитед” компани нь “Овоот”-ын коксжих нүүрсний орд болон Жилчигбулаг, Нүүрстэй, Мянганы нүүрсний төсөлд хувь эзэмшдэг. Зөвхөн “Овоот”-ын орд нь л гэхэд 227 сая тонн нүүрсний нөөцтэй. Ц.Цэрэнпунцаг тус ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөж, жилд 4.0 сая тонн баяжуулсан нүүрс гаргана гэж ярьж яваа. Ц.Цэрэнпунцагийн нүүрстэй холбоотой сүлжээ ингээд дуусахгүй. Тодруулбал, Ц.Цэрэнпунцаг Содномын Жаргалсайхан гэгчтэй “Жи Эн майнинг” ХХК, “Билэгт хязгаар майнинг” ХХК, “Жиэнбевережис” ХХК, “Жем газ” ХХК, “Шинэ уул Вэтс” ХХК-иудыг хамтран эзэмшдэг. Тэгвэл түүний бизнесийн “алтан” хамтрагч С.Жаргалсайхан нь “Харгуйн тал транс “ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, БНХАУ руу нүүрс зөөдөг ажээ. 
Түүнчлэн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн олборлолтыг 2.2 их наяд төгрөгөөр гүйцэтгэж байгаа “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-ийн Монгол талын эзэн Энхболдын Оюутцэцэн гэгч нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай тун ойроор холбогддог. Тодруулбал, Ц.Цэрэнпунцагийн  зөвлөх Н.Биндэръяагийнх нь бизнесийн хамтрагч Э.Оюутцэцэн болж таардаг. Мөн тэдний бизнесийн хамааралд “Голден фрейт” ХХК гэх нүүрс тээврийн компани ч гарч ирнэ. 
 
3. УИХ-ын гишүүн С.Батболд 

УИХ-ын гишүүн С.Батболд “Тавантолгой” ордын анхны эзэмшигчдийн нэг. Гэхдээ өөрийн хувиа “Энержи ресурс”-т өгөөд, нүүрснээс хамааралгүй болсон гэж тайлбарладаг. Тэгвэл С.Батболд өдгөө өөрийнхөө “Алтай трейдинг” ХХК, “Алтай холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Жавзмаагаар дамжуулан “Жазлин” компанитай хамтарч “Баруун Монгол Эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Жазлин” компанийн хувьд оффшор бүстэй холбогддог “хар” түүхтэй компани бөгөөд Говь-Алтай аймагт асар том нүүрсний ордтой гэж гадна, дотнын хэвлэлээр нэг бус удаа бичигдэж байлаа. 
 
Түүнчлэн, Гаалийнхан болон “Нүүрсний бүлэглэл”-ийнхэн хуйвалдаж, хилээр 1.9 сая тонн нүүрс хулгайгаар гаргасан хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа.

4. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн
 
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Өмнөговь аймаг, тэр тусмаа Тост тосон бумбын нуруунд эзэмшдэг нүүрсний лицензээрээ нэг хэсэг шуугиулж байлаа. Харин өдгөө түүний төрсөн дүү Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” ХХК нь “Айлбаян” гэх нүүрсний уурхай ажиллуулж буй. Харин тус уурхайн нүүрсийг Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн “Хурд транс” ХХК нь БНХАУ руу тээвэрлэдэг. Мөн Д.Энхгэрэлийн “Хурд авто” ХХК нь Гашуунсухайт боомтоор 30 автомашинаар нүүрс тээвэрлэдэг ажээ. 
 
5. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нүүрсний хулгайг хэргийг хянан шалгах Түр хорооны гишүүнээр АН-ын бүлгийг төлөөлөн сонгогдоод байсан. Гэвч тус Түр хорооны гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсан. Зарим эх сурвалж “Ш.Адьшаа нүүрсний хулгайг шалгахад ашиг сонирхлын зөрчилтэй тул чөлөөлөгдсөн” гэж буй. Тэгвэл Ш.Адьшаа ингэж холбогддог ажээ. 
 
Тухайлбал, Ш.Адьшаагийн “Ази групп” ХХК нь “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, бага тойруу, 30, 01 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ хаяг дээр “Шанд ложистик” ХХК, “Шинэ Ази ложистик” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК, “Вивид идеа” ХХК, “Хан тээлийн сүлд транс” ХХК-иуд давхар бүртгэлтэй бий. Эдгээр компаниуд нүүрсний чиглэлийн компаниуд бөгөөд “Шанд ложистик” ХХК нь л гэхэд Дорноговь аймгийн Даланжаргалын сумын Олон овоо өртөөний VIII замд төмрийн хүдэр, нүүрс буулгаж, ачих талбайтай юм байна. 

Харин холбоо хамаарлын тухайд, “Шинэ Ази ложистик” ХХК, “Шанд ложистик” ХХК-ийг эзэмшигч Болдхуягийн Энхсайхан нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай хамт “Монгол Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” болон “Ховд аймгийн хөгжлийн төлөө” санг хамтран удирдаж иржээ. Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын тун ойрын хамтрагчид ажээ. 
 
6. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
 
АН-ын А.Адъяасүрэн УИХ-д орж ирэхээсээ өмнө Хятадуудтай хамтрагч нүүрсний бизнес хийдэг байсан. Нүүрсний автомашинууддаа “С” зөвшөөрөл авах гэж авлига өгсөн хэргээр АТГ-т ээрэгдэж ч явсан. Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан компаниуд нь өдгөө “Дайлингийн хишиг тээвэр” ХХК, “Хишиг сайхан ундрах” ХХК, “Ивээл сар транс” ХХК, “Азын хишиг дэлгэрэх” ХХК гэж нэрээ өөрчилж, зүсээ хувилгаад “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 504 автомашинаар нүүрс тээвэрлэж байна. Түүнчлэн, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хүү Амарсанаагийн Санчир, төрсөн дүү Амгалангийн Тогтохбаяр нарын хамтран эзэмшдэг “Топ транспорт” ХХК нь 30 автомашинаар БНХАУ руу нүүрс зөөж байна. 
 
7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Содмонгол газ” ХХК-д УИХ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох хувьцаа эзэмшдэг. Ц.Анандбазар З.Энхболдын дүү З.Хишигтогтохтой дундаа нэг компани хамтран эзэмшдэг цаагуураа нүүрсний бизнестэй холбоотой гэгддэг. Тухайлбал,  З.Хишигтогтох нь Ачитсайханы Баттүшигтэй хамтран “Инфра-Инженеринг” ХХК, “Браунрок” ХХК-ийг эзэмшдэг. Энэ компани З.Энхболдын “Интер” ХХК-ийн байранд байрладаг. Цаашилбал, А.Баттүшиг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. “Страто” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд нүүрс боловсруулах үйлдвэр барьсан. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-аас хамгийн чанартай нүүрснийг нь хямд үнээр худалдан авч, боловсруулаад, урд хөрш рүү гаргаж үнэд хүргэдэг гэж хэл аманд өртөж ирсэн. 
 
8. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
 
УИХ-ын гишүүн, “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнийг “Нүүрсний нам”-ын дарга гэж хочлох нь ч бий. Арга ч үгүй юм, тэр орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн 20 орчим хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг нь Өмнөговь аймгийн ИТХ болон тус аймгийн иргэд эзэмшдэг гэсэн нэртэй. Үнэндээ Өмнөговь аймгийн ИТХ-ыг Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө хүмүүсээр дүүргэх замаар тус компанид дангаараа эзэн суучихсан гэхэд хилсдэхгүй. Ямар сайндаа л, 2013 онд “Эрдэнэс тавантолгой” ХК болон орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн голын мөргөцөг хулгайлагдсан хэргийн гол холбогдогчоор тэр нэрлэгдэж байлаа. 
Түүнчлэн, Д.Бат-Эрдэнэ “Ажнай корпораци” ХХК болон ээж Даринчулууны Хуушаанаараа дамжуулан “Тавантолгой транс” ХХК-ийг эзэмшдэг. Тус компанийн захирлаар Дашзэгвийн Дагвадорж ажилладаг. Дашзэгвийн Дагвадорж нь “Бүргэд транс “ХХК-иараа “Эрдэнэс тавантолгой” ХК-иас БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг.
Мөн Д.Бат-Эрдэнэ хамтрагчид болох Ч.Жаргалсайхан, Ч.Батжаргал нарын ах дүүсийн “Шанх транс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас нүүрс зөөдөг. 

 9. УИХ-ын гишүүн С.Бямбацогт 
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын “Нью прогресс групп” ХХК-ийн харьяа “Алтайн зам” компани нь Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн хөрс хуулалт болон баяжуулалтын ажлыг гүйцэтгэдэг. 
Цаашилбал, “Алтайн зам” компанийн гүйцэтгэх захирлаар нь Батчулууны Энхбат  ажилладаг. Б.Энхбат нь С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнхтэй “Алтай строй” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Тэгвэл “Алтай строй” ХХК нь “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайгаас Ховд аймгийн Булган-БНХАУ-ын Такашикен боомтын чиглэлд 28 автомашинаар, нүүрс тээвэрлэдэг.
Мөн “Алтай строй” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Банзрагчийн Мянганбуу ажилладаг. Б.Мянганбуу хувьдаа “Цаст Алтайн жинчид” ХХК-ийг эзэмшдэг. “Цаст алтайн жинчид” ХХК нь дээрх Булган-Такашикен чиглэлд 47 автомашинаар нүүрс тээвэрлэдэг. Сонирхуулахад, С.Бямбацогтын “Нью прогресс групп” ХХК-ийн охин компани болох “Эн Пи петролиум” ХХК нь шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Тэгвэл “Эн Пи петролиум” ХХК нүүрсний тээврийн компаниудад зориулж Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдад тус тус Шатахуун түгээх станц байгуулжээ. 
 
10. Нийслэлийн МАН-ын дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар
 
БНХАУ-ын Ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north indusrties Co.,Ltd” буюу “Norinco group” компани “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн суучихсан гэж хэлж болно. Тодруулбал, “Norinco group”-ийн охин компани болох “Норинко интернэшнл” компани нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 956 тэрбум төгрөгийн оффтейк гэрээ байгуулсан. “Норинко интернэшнл кооперэйшн” компани нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 1.3 их наяд төгрөгийн 3.0 сая тонн нүүрсний оффтейк гэрээ байгуулсан.  Мөн “Norinco group”-ийн бас нэг охин компани болох “Нормаунт” ХХК нь “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай хамтран 2021 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн олборлолтыг гүйцэтгэх 2.2 их наяд төгрөгийн тендерт шалгарсан. 
 
Түүнчлэн, “Norinco group”-ийн хөрөнгө оруулалттай “Тахилт хайрхан транс” ХХК 2019 онд Засгийн газартай Тавантолгой-Ханги чиглэлийн 477 км хатуу хучилттай автозамын концессын гэрээ үзэглэсэн. 

Хамгийн ноцтой нь, зэвсэг үйлдвэрлэгч “Norinco group” охин компаниудаараа дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн сууж, нүүрсний бизнес хийж эхлэхэд нь УУХҮ-ийн сайд асан, одоогийн Хотын дарга Д.Сумъяабазар тусалсан байж болзошгүй хардлага байгаа. Жишээ нь, “Norinco group”-ийн хөрөнгө оруулалттай “Тахилт хайрхан транс” ХХК-ийн концессоор хэрэгжүүлж буй Тавантолгой-Ханги чиглэлийн 477 км хатуу хучилтай автозамын ажил нь таван багцтай. Гэтэл Хотын дарга Д.Сумъяабазарын хадам эгчийн “Пи Си Пи Пи” ХХК нь тус замын III багц буюу 73.7 км замын ажлыг гүйцэтгэж буй. Ингэхдээ зөвхөн нэг багцын ажлыг 50 гаруй сая ам.долларын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа гэх. Эндээс, Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд байхдаа “Тахилт хайрхан транс” ХХК-д Тавантолгой-Ханги чиглэлийн концессын гэрээг өгч, хариуд нь хадам эгчийнхээ компанид асар их санхүүжилттэй ажил авч өгсөн дүр зураг харагдаж байгаа юм. 
 
11. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
 
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ХОМ-тээ дурддаг байсан “Топ медиа” ХХК, “Жабко” ХХК тэргүүтэй компаниуд өдгөө Батхуягийн Эрдэнэжаргалын нэр дээр бүртгэлтэй байдаг. Тэр байтугай, Д.Амарбаясгалангийн орон сууцны ордер нь хүртэл энэ залуугийн нэр дээр бүртгэлтэй байдаг гэх мэдээлэл ч гарч байлаа. Тэгвэл Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий этгээд Б.Эрдэнэжаргалын “Глобалгүүр транс” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас 50 гаруй автомашинаар БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг. 
 
12. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
 
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос” ХХК, “Ундрах говь” ХХК, “Баялаг энержи ресурс” ХХК, “Монзол” ХХК тэргүүтэй нүүрсний чиглэлийн компаниудтай. Чухамдаа, "нүүрсний магнат" гэсэн ч болохоор.
 Тухайлбал, 
- Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд MV-017317 дугаартай 350.13 га талбай бүхий “Хүрэн шанд” нүүрсний уурхайтай. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд “Эрвэй хошууны овоо” гэх уурхайтай. 
- Ч.Чинбатын “Баялаг энержи ресурс” ХХК нь “Өсөх зоос” ХХК-ийн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Хүрэн шанд” нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтыг хариуцдаг. Нийт 500 гаруй ажилчинтай. 
 - Ч.Чинбат нь “Ундрах говь” ХХК-ийг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгчтэй хамтран эзэмшдэг. Тус компани сүүлийн үед олны анхаарлын төв ороод буй Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Баруун наран чиглэлийн 32 км автозамын төгсгөлөөс Цагаан дэл уул хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын автозамын төсөлд шалгарсан. Уг төслийг нийт 230 сая ам.доллароор хэрэгжүүлж, зам ашиглалтад ормогц Цагаан дэл уул хилийн боомтыг нээж, урд хөрш рүү зөөх нүүрс тээврийг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа. Бас нэг ноцтой мэдээлэл нь, Ч.Чинбаттай “Ундрах говь” ХХК-ийг хамтран эзэмшдэг БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгч нь “Болдфоарда” ХХК, “Жунхаовэйеэ” ХХК-иудыг эзэмшдэг. Гэтэл “Жунхаовэйеэ” ХХК нь л гэхэд Өмнөговь аймагт 816.6 га талбай бүхий MV-017007 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
  - Ч.Чинбатын “Монзол” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Бор толгой гэх газарт MV-20559 дугаартай, 86.7 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
 
13. "Моннис"-ын Өмнөговь дахь "тавиул" буюу ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
 
МАН-ын гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бямбацогтын Эрдэнэ-очир “Ханбогд тээвэр ложистик” ХХК, “Уужим од” ХХК-иудаараа нүүрс зөөдөг. “Ханбогд тээвэр ложистик” ХХК нь 37, “Уужим од” ХХК нь 5 автомашинаар нүүрс зөөхөөр гэрээлсэн байдаг. 2012 онд Ханбогд сумын МАН-аас Өмнөговь аймгийн ИТХ-д сонгогдож, одоог хүртэл ажиллаж байгаа. 
 
14. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
 
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-тай хамтран эзэмшдэг. Тэгвэл “Хостамга групп” ХХК-ийн захирал Очирын Оюунбат нь Хонг Конгийн “Anda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо нүүрс угаах үйлдвэр барьж буй. 

 
15. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэ оны гуравдугаар сард Засгийн газраас “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 км  төмөр замыг концесс авсан. Улмаар өөрийнхөө “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудаар “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэйгөөр Засгийн газартай гэрээ байгуулсан. Улмаар өнгөрсөн долоо хоногт ашиглалтад оруулсан. Ирэх жилүүдэд буюу гэрээнд заасан хугацаанд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан эзэмшинэ. Ингэснээр Монголоос урд хөрш рүү Ханги боомтоор гарах нүүрс, эрдэс баялаг Б.Дэлгэрсайханаар дамжина гэсэн үг. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хадам ах “Засаг чандмань майнз” ХХК-ийн захирал Д.Буянтогтох саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өөртэй нь тохиролцоогүй, хүсэлд нийцээгүй компанийн нүүрс, хүдрийг автозамаар ч, төмөр замаар тээвэрлүүлдэггүй, хавчиж боодог. Дорноговь аймгийн Засаг дарга байсан, одоогийн УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин үүнд нь тусалдаг байсан” гэж ярьсан байдаг. Түүний эл яриагаар бол Б.Дэлгэрсайхан одоо жинхэнэ утгаараа хэний ачааг гаргах, гаргахгүйг мэддэг эрхтэй нэгэн болж байна. 
 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ