БҮГД НАЙРАМДАХ ЗАСАГ

Эх сурвалж:  түүхч Ц. Цэрэндорж 

ЯАГААД ЗААВАЛ “БҮГД НАЙРАМДАХ” ГЭЖ?: ҮГИЙН ГАРЛЫГ МӨШГӨХҮЙ (Хураангуй хувилбар)

Би багадаа “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэдэг үгийг яагаад ингэж нэрлэдэг юм бол, “Бүгд Найрамдах” гэдэг нь яг ямар утгатай юм бол гэж гайхаж байсан удаатай. Ихэнх хүнд тийм бодол төрж байсан байх. Тэгээд лав л тэр үед учрыг нь олж чадаагүй юм даг. Хожим ханз үсэг жаахан оролдох болсны дараа ямар учиртай үг болохыг нь мэдэж билээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь.
Англиар republic гэдэг нь “нийтийн юм, нийтийн эд зүйл, нийтийн ажил хэрэг, үйлс” хэмээх утгатай латин хэлний res publica хэмээх үгээс гаралтай билээ. Republic нь угтаа улсын нэр биш, засаглалын нэр юм. Харин republic хэмээх латин үгийг монголчууд яагаад “Бүгд Найрамдах” гэж орчуулах болов? Энэ үгийг анх дорно дахинд орчуулж хэрэглэсэн улс бол Япон билээ. Японы газарзүйч  Мицүкүри Шого (箕作省吾) 1845 онд зохиосон Японы хамгийн анхны дэлхий дахины газрын зураг болох “Шинээр үйлдсэн дэлхийн бүх зураг (新製輿地全図)”-ийнхаа тайлбар болох “Кон-ё зүшики (坤輿図識)”-дээ анхлан 共和 хэмээх нэр томьёог хэрэглэсэн байдаг.
Харин тэрээр энэ үгийг хэрэглэсэн нь эртний Хятадын Жоу улс (Zhou, 周)-тай холбоотой.
Сыма Цянь-ы “Түүхэн тэмдэглэл (史記)” тэмдэглэснээр Жоу улсын 10 дахь эзэн хаан Ли ван (厲王) хэмээх харгис шунахай этгээдийг доорхи түшмэд албатууд нь бослого гарган хөөн зайлуулсны дараа нийтийн тооллын өмнөх (НТӨ) 841 онд Жоу улсын Дин гүн (周定公), Жао улсын Му гүн (召穆公) хэмээх хоёр хүн эзэн хааны өмнөөс төрийн эрхийг хамтдаа барьсан ажээ. Ийнхүү хоёр хүн хамтдаа эв найртайгаар төрийн эрхийг барьсан явдлыг ‘гунхэ (共和)’ буюу ‘Жоу, Жао-гийн гунхэ (周召共和)’ хэмээн нэрлэх болжээ. 共和 гэдэг үгийн 共 (гун) нь “хамт, цуг, нийт, бүгд” гэх мэт утгатай, харин 和 (хэ) нь “эетэй, эвтэй, найрамдуу; эвсэх, эедэх, найрамдах” гэсэн утгатай ханз юм. Энэ хоёр хүн засгийн эрхийг хамтдаа барьж байсан нь НТӨ 841-828 он болой. (Бас үүнээс гадна Эртний Гун (共) улсын ноён байсан Хэ (和) хэмээх хүн эзэн хааны өмнөөс төрийн эрхийг түр хамаарсан учраас Гунхэ (共和) хэмээх үг үүссэн гэдэг бас нэг тайлбар байдаг.)
Ийнхүү японы газарзүйч анх гунхэ (共和) хэмээх нэр томьёог хэрэглэснээс хойш ханз үсэг хэрэглэдэг Хятад, Солонгос зэрэг оронд энэ нэр томьёог хэрэглэх болжээ.
Тиймээс манай монголчуудын үздэг Бүгд Найрамдах Улс гэдэг нь 1911 оны Цагаагчин гахай жилийн хувьсгалаар хятадууд Манж Чин гүрнийг түлхэн унагаагаад Манжийн эрхшээлд байсан 5 үндэстэн (Хятад, Манж, Монгол, Түвэд, Уйгур) эв найртайгаар хамтдаа улс байгуулъя гэсэн үзэл суртлаас үүссэн гэх нь төдий л үндэслэлтэй биш юм. Яахав, урьдын энэ нэр томьёог тиймэрхүү үзэл суртлын зорилгоор ашиглаж байсныг ор тас үгүйсгэхгүй. Гэхдээ л баталгаа нотолгоо муутай зүйл л дээ. Чин улсыг унагаасны дараа 1912 онд байгуулсан улсынхаа нэрийг хятад хэлээр 共和國 (гунхэ го) хэмээлгүй, 中華民國 (жунхуа минь го) буюу “Дундад Иргэн улс” хэмээн нэрлэсэн нь ч үүнийг харуулна гэж үзэж байна.
Одоо 1921 онд Монгол улсыг яагаад Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж нэрлэсэн учрыг (зөвхөн нэр томьёоны талаар шүү) өгүүлсүгэй. Ер нь Republic засаглалтай, өөрийгөө ийм тийм Republic гэж нэрлэдэг улс XIX зууны үеэс эхлэн харьцангуй олширсон агаад харин People’s Republic буюу Ардын Бүгд Найрамдах Улс хэмээх улсууд үүссэн 1917 оны Октябрийн хувьсгалаас хойшхи хэрэг юм. Энэ үеэс эхлэн голдуу (хуучин) Зөвлөлтийн орон зайнд байгуулагдсаны дотроос манайтай хамгийн ойр нь 1921 онд байгуулагдсан Тыва Арат Республик буюу монголоор Бүгд Найрамдах Тува Ард Улс болой.
1924 онд монголчууд засаглалын хэлбэрээ өөрчлөн бүгд найрамдах засаглалд шилжиж, улсынхаа нэрийг өгөхөд Тува Ард Улсын нэр зохих нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.
Харин өнөө Республик хэмээх үгийг орчуулахдаа дорно дахин улсууд хэрхэн орчуулдгийг лавлалт болгосон агаад ханз үсгээр 共和國 (гунхэ го) гэдэг болохыг анзаарч, түүнээс нь шууд үгчлэн орчуулаад, завсарт нь “Ард” гэсэн үгийг нэмсэн нь тодорхой байна.
Ер нь 1920-30-аад онд монголчууд өрнө дахинаас нэвтэрсэн шинэ нэр томьёог орчуулахдаа бусад олон хэлээр юу гэж нэрлэдгийг ихэд анхааран харьцуулан үзсэний үндсэн дээр нэр томьёог оноож байсан нь илэрхий байдаг. Тэр үед хятад (үнэндээ бол япон) хэлнээс нэлээд олон нэр томьёог шууд орчуулан авч хэрэглэсэн юм. 

Монгол улс Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн нэрлэгдсэн учир ийм бөлгөө. 

Жич: Дэлгэрэнгүй хувилбар бас бий.

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ