Х.Чойбалсан

Үгүйсгэх аргагүй НҮГЭЛТЭН БА ГАВЪЯАТАН
Энэ өдөр Хорлоогийн Чойбалсан мэндэлсний 123 жил тохиож байна. 1895 оны 2-р сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийнд мэндэлжээ. Эцэг Жамц нь Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирээд элдвээр гадуурхагдаж эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ төрөөгүй байхад нь орхин явжээ. Дараа нь эргэн ирж хүүдээ Дугар гэдэг нэр өгөөд хамт амьдарч байсан ч удалгүй буцжээ. Дугар хоёр ч айл дамжин үрчлэгдсэн ч төрсөн гэртээ буцаж иржээ.

Боловсрол: 7 настайдаа түвд ном үзэж, 13 настайдаа Санбэйсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн Чойбалсан нэртэй болсон боловч 1910 онд сахилаа орхин найз Гэндэн-Яринпэлийн хамтаар Их Хүрээнд ирж амьдарчээ. 17 настайдаа ГЯ-наас байгуулсан орос, монгол хэл бичгийн сургуульд сурч, 1914-1917 онд Оросын Эрхүү хотод суралцаад буцаж ирснийхээ дараа “Цахилгаан мэдээний түр сургууль” дүүргэжээ.

Хувьсгалч: Оросын хувьсгалыг үзэж харсан туршлага, Бодоотой дотно нөхөрлөж Консулын бүлэгт элссэн зэрэг нь Чойбалсанд хувь заяаны эргэлт авчирчээ. 1921 онд Ардын журамт цэргийн дэд жанжин болж, 1921 оны 8-р сард МХЗЭ-ийг үүсгэлцэж анхны даргаар нь сонгогдов.

1922-1931 онд Бодоогийн хэрэгт холбогдон албан тушаал буурч, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд УБХ-ын даргаар ажиллаж “Феодалын хөрөнгө хураах төв комисс”-ыг удирдсан. 1930 онд “барууны үзэлтэн” нэр зүүж Оросын цагаан цэрэгт хүчин зүтгэж байсан Мэнгэт залан гэгчийг оргуулсан хэргээр буруутгагдаж ажлаасаа халагдан хаягджээ.

1934 онд Москвад 1 жил амьдарсан, 1935 онд Сталины шууд оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогч болсон. 1936 онд Дотоод яамны сайдыг хавсран гүйцэтгэж, улмаар Засгийн газрын тэргүүн болсон. Сталины зааварчилгын дагуу “Онцгой бүрэн эрхт комисс”-ыг даргалж Дотоод яамнаас гаргасан нэрсийн жагсаалтаар “хэргийн бүрдэл” болон өмгөөлөгчгүйгээр “японы тагнуул”, “хувьсгалын эсэргүү” хэмээх хилс хэрэгт 28451 хүнийг баривчилж 27 мянган хүнийг буудаж алах ял оноосон. Энэхүү хэлмэгдүүлэлтэнд айл өрх бүр өртсөн бөгөөд энэ тухай яруу найрагч Д.Банзрагч “... Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз байгаагүй, хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайрч байгаагүй...” хэмээн халаглан бичиж байв. 

1939 онд 4 сар гаруй үргэлжилсэн Халхын голын дайн Монгол Зөвлөлтийн цэргийн ялалтаар өндөрлөсөн нь Чойбалсанг тахин шүтэх үзлийг бий болгож,  “японы тагнуул” нэрэн дор явуулсан их хэлмэгдүүлэлтийг зөвтгөх шалтгаан болсон.

Бүтээн байгуулалт: Х.Чойбалсангийн үед УБ хотод төмөр зам тавих, мах комбинат байгуулах, цементийн үйлдвэр барих, Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр байгуулах, Налайхын нүүрсний уурхай, төв цахилгаан станц, аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх, Наушка-УБ-ын чиглэлд өргөн төмөр зам тавих, морин өртөөг халж, авто өртөөг байгуулах, монгол бичгийг халж кирилл үсгийг нэвтрүүлэх, МУИС-ийг байгуулж дээд боловсрол олгох суурийг тавих ажлууд хийгдсэн.

Улсын сайн малчдын зөвлөлгөөнийг нээж “Улсын сайн малчин” цол бий болгосон. Монголын малыг 200 сая тоо толгойд хүргэх Сталины лоозонг хэрэгжүүлэх хүрээнд Зөвлөлтөд жилд 40 мянган тн ноос, ноолуур бэлтгэж өгөх “Ноос бол алт” компанит ажлыг өрнүүлсэн. 

Дэлхийн II дайн эхэлж, Монгол улс ЗХУ-д туслах зорилгоор дайнд татагдан орж “Бүхнийг фронтод” уриатайгаар ажиллаж амьдарсан. 1945.8.10-нд Японд дайн зарлаж зөвлөлт цэргийн хамтаар Дэлхийн II дайны төгсгөлийг хийж хойд Хятадын зарим муж, Өвөрмонголын нутгийг чөлөөлжээ.
1945 оны 9-р сард “БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө” санал хураалт явуулснаар Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Монгол улсын хоёр дахь Үндсэн хуулийг баталж, 1949 онд бүх нийтийн шууд саналыг нууцаар хураах сонгуулийн шинэ систем тогтоож, 1951 онд АИХ-ын анхны сонгуулийг явуулжээ.

Зохиолч: Тэрбээр “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсч байгуулагдсан товч түүх”, “Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам”, “Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх” гэх мэт зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдсэн.

Арилашгүй гавъяа: Сталины зүгээс Монголыг холбооны улс болгохоор хэд хэд удаа зүтгэсэн боловч Чойбалсан түүнийг эсэргүүцжээ. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан алгадсан гэдэг яриа бий.

Маршал Х.Чойбалсанг ЗХУ-д эмчилнэ гэдэг нэрээр дуудаж 1952 оны 1-р сарын 26-нд мэс засалд оруулсан боловч тэр өдрийнхөө орой нь нас барсан юм. Х.Чойбалсан хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 онд хамт амьдарчээ. Эхнэр Бортолгойн хүсэлтээр гэр бүлээ цуцлуулж түүний танилцуулсан Б.Гүндэгмаатай ханилж Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой болсон. 1921 онд Зөвлөлт засгаас Сүхбаатар, Магсаржав нарын хамт “Улаан тугийн одон”-гоор шагнагдсан бол 1940 онд БНМАУ-ын Засгийн газар Х.Чойбалсанд “маршал цол” олгосон.

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ