Ю.Цэдэнбалыг зайлуулсан ЧУЛУУ
Ю.Цэдэнбалыг огцруулж ЗХУ-д цөлсөн асуудлыг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга МАХН-ын төв хорооны улс төрийн товчооний гишүүн Д.Содном 2004 оны “Хувийн мөрдөгч” сонины №24-д ярилцлага өгөхдөө Ю.Цэдэнбалыг огцруулан зайлуулж бүх албан тушаалыг нь аван ЗХУ-д цөлсөн нь онцгой үйл явдал байсан , хэрэв тэгж зайлуулаагүй бол биднийг зайлуулаад зогсохгүй цус урсах байсан гэжээ. МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга асан Дулмаагийн Содном гуайн зусланд очиж Ю.Цэдэнбалыг улсын удирдагчийн суудлаас нь авч хаясан тухай ярилцсан ярилцлага :
Та сайхан зусч байна уу? 20 жилийн өмнөх тэр явдлыг эргэн дурсаач?
Цэдэнбал даргыг чөлөөлөх асуудлыг 1983 оны эцсээр Москвад Ю.В.Андропов дарга шийдсэн юм билээ. Тэгээд Эрдэнэт үйлдвэрийг ашгийг хуваах талаарх Д..Моломжамц, Ж.Батмөнх, П.Жамсрай бидний саналыг Д.Майдар, А.И.Филатова нар эсэргүүцэж улмаар биднийг Хятадын талыг баримтлагч гэж зарлан 1984 оны 9 сарын бүгд хурлаар ажлаас зайлуулж хэлмэгдүүлэх гэж байсан юм.
Өөрөөр хэлбэл Монголын удирдлага хоёр хэсэг болон хуваагдсан байлаа. Дэлхийн нийтийн байдал түгшүүртэй, АНУ Европд цөмийн пуужингуудаа байрлуулчихаад байсан үе. А.И.Филатовагийн ааш зан хэрээс хэтэрч Монголын нийгэмд дургүйцэл дээд цэгтээ хүрээд байсныг оросууд мэдэрч байсан.
Та бүхнийг хэрхэн хэлмэгдүүлэх байсан бол?
Биднийг ажлаас чөлөөлж, шүүхэд шилжүүлэх шийдвэр өгчихөөд Цэдэнбал дарга Крымд амрахаар явсан юм. Ингээд оросууд Ж.Батмөнх, Д.Моломжамц нарыг Москвад дуудаж ярьсан юм билээ. Тэгээд өөрт нь тулган ойлгуулж өргөдлийг нь гаргуулсан.
ЗХУ-ын удирдлага хүч тавиагүй бол та бүхэн өөрсдөө чадах байсан уу?
ТХ-ын бүгд хурал ямархуу болохыг төсөөлөх аргагүй л дээ. Ж.Батмөнх, Д.Моломжамц нарыг олон хүн хамгаална шүү дээ. Тэгэхлээр даргыг дангаараа шийдвэр гаргана гэхэд хэцүү.
Бал даргыг бүхнээс хүчтэй НАХЯ нь хамгаалж дөнгөөгүй юу?
Цэдэнбал даргыг Монголд ирж бүгд хуралд оролцуулахаас оросууд татгалзсан нь түүний талд хүчний байгууллагууд нь орж магадгүй гэж болгоомжилсных ч байж мэднэ. Тэгэхлээр ЗХУ-ын удирдлага шийдвэрээ нэгэнт гаргачихсан байсан болохоор түүний өөдөөс сөрөх зүрх хэнд ч байхгүй л дээ. Гол түшиг тулгуур, дэлхийд хамгийн хүчирхэг гүрэн байлаа шүү дээ. ЗХУ
Ж.Батмөнх, Д.Моломжамц нар асуудлыг хэрхэн тайлбарлаж байсан бол?
Би тэр үед Батмөнх даргыг орлогч байсан. УТТ-ны гишүүн байгаагүй. Эхлээд УТТ, дангаараа хэлэлцсэн. Тэнд санал онол гараагүй. Дараа нь ТХ-ны нарийн бичгийн дарга нар, СНЗ-ийн орлогч дарга нарт танилцуулсан. Тэгээд бүгд хуралд оруулсан даа.
Одоогийн хэллэгээр бол “Хорыг” хэн голлож найруулсан бэ?
Д.Моломжамц гуай санал гаргасан юм. Ер нь СНЗ-ийн дарга улсын хоёрдугаар хүн байсан л даа. Тэгээд ерөнхий даргад сонгогдсон.
Харин хэн таныг СНЗ-ийн даргад санал болгосон бэ?
За, энэ их гэнэтийн зүйл болсон юм. Би УТТ-ны гишүүн байгаагүй, СНЗ-ийн нэгдүгээр орлогч байгаагүй. Ж.Батмөнх дарга өөрийнхөө оронд намайг тавина гэхэд нь би татгалзсан. Гэвч Ж.Батмөнх дарга “би мэдэж байна” л гэсэн. Бодвол УТТ-нд өөрийн талын нэг шинэ хүн гаргая гэсэн байх. Ингээд л ТХ-ны жирийн гишүүн нэг л өдөр улсын нэгдүгээр хүн болсон доо.
Таныг гадаад их өрийг тавьсан гол хүн гэлцдэг?
Тэр үнэн. 1970-1989 онд манайх ЗХУ-аас 8,5 тэрбум шилжиж рублийн зээл авсан. Үүгээр жилд 2.3 сая тонн нүүрс гаргадаг байсныг 8,3 сая тонн болгосон, 48 сая литр болгосон, сургуулийн 190 мянган суудлыг 294 мянга болгосон гээд асар их зүйл бүтээсэн. Тийм бага хүүтэй зээл дэлхийд өөр байгаагүй.
Та Бал даргыг тухай ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
Асар их боловсролтой, зөөлөн сэтгэлтэй, сайхан хүн байсан. Боловсон хүчний талаар алдаатай шийдвэр гаргаж байсан нь эхнэрийнхээ үгнээс гардаггүй байсантай л холбоотой. Сүүлдээ жаахан хардамтгай болсон байх. Сайн хүн байсан. Түүнийг чөлөөлсөн нь ч зөв болсон. Тэгээгүй бол манай нийгэмд, нам төрд том хагарал гарч болох байсан. Үүнээс үүдээд цус урсах ч байсан юм билүү.
Та одоо юу хийж байна вэ?
Дурсамжийн ном бичиж байна. Хааяа загасчилна. Сонин уншина. Засаг төр хэрхэн эмхэрч бүрдэхийг ажиглан сууна даа, хүү минь
Танд баярлалаа.
Т.БАТЗОРИГ
Эх сурвалж: "Хөх толбо" сонин
НЭМЭЛТ: Цэдэнбал даргад Содном гуайн хэлж байгаа шиг алдаа дутагдал байж болох ч эх орондоо 350 үйлдвэр байгуулсан бүтээн байгуулалтын удирдагч, соёлын салбарыг үндсээр нь өөрчилж чадсан гэх мэт ололт амжилтыг нь хэн ч баллуурдаж чадахгүй л дээ . Мөн А.И.Цэдэнбал-Филатоваг Монголын төрийн хэрэгт их оролцох болсон гэдэг ч түүхэн баримтаар бол 37 жил Монголын тэргүүн хатагтай байсан Филатова Хүүхдийн фондын асуудал хэлэлцсэн УТТ-ны хуралд ердөө 2 удаа оролцсоноос өөрөөр УТТ, СнЗ, НТХ-ны хурлуудад сууж шийдвэр гаргасан нь үгүй байдаг. А.И.Цэдэнбал-Филатова санаачлан НТХ, СнЗ-ийн 1972 оны 44 дүгээр тогтоолоор “Хүүхдийн төлөө фондын төв комисс” гэдэг олон нийтийн байгууллага байгуулж монгол орны өнцөг булан бүрт 50 гаруй цэцэрлэг, ясли, хүүхдийн дотуур байр болон хүүхдийн төв эмнэлэг, Налайхад 90 ортой амаржих газар, Өсвөрийн техникчдийн ордон, Залуу байгальчдын станц, Олон улсын хүүхдийн “Найрамдал” болон бусад хүүхдийн амралт зуслан, Хуримын ордон, Хүүхдийн зохион бүтээх төв , Хүүхдийн ордон зэргийг бариулж байгуулж Монгол улсад үлдээсэн нь одоо ч ажилласаар байгаа. Үнэндээ бол Филатова-аас өөр Ю.Цэдэнбалын ах дүү, төрөл төрөгсдийн дотроос Улс төрийн Товчоо болон НТХ-ны 91 гишүүд, 71 орлогч гишүүн, Сайд нарын Зөвлөлийн 40 гаруй гишүүний дотор түүний төрийн өндөр дээд албан тушаалын 40 гаруй жилийн хугацаанд ганц ч хүн байгаагүй . Мөн МАХН-н ээлжит их хуралд 4 жил тутам шинэчлэгдэн сонгогддог 831 төлөөлөгч дотор , 4 жил тутам ээлжлэн сонгогддог Ардын Их Хурлын 400 гаруй төлөөлөгчдийн дотор бас л Ю.Цэдэнбалын ах дүү нараас нэг ч удаа ямар ч хүн сонгогдож байгаагүй гэхээр төрийн ажилд ямар зарчим ч байдлаар ханддаг байсны илрэл гэмээр . Цэдэнбал даргыг авч хаях асуудал бол ЗХУ хятадтай харилцаагаа хэвийн болгох сонирхол ихэд нөлөөлсөн байх магадлал их харагддаг , гэхдээ үүнийг манай дотоод урвагч нөхдөөр л гардан хийлгэсэн бололтой юм билээ . иймээс Содном гуай бол Цэдэнбалыг унагаах тэр тоглоомын талын хүн байсан гэж уншигддаг , иймээс жудаггүй байдлаараа ДУМАА овогт Содном , ПУНСАЛМАА овогт Очирбаттай л ханьсах байх даа .
Comments
Post a Comment