Гариг өдрийн нэрс

7 ГАРГИЙН НЭР ДЭЛХИЙ ДАЯАР ИЖИЛ УТГАТАЙ 
(I хэсэг)
 
7 гаргийн нэрийг олон хэлээр нэрлэхэд үндсэндээ 3 янз байх шиг. 1-рт: Гараг эрхсийн нэрээр нэрлэх буюу тухайн гараг эрхсийг төлөөлдөг бурхан тэнгэрээр нэрлэх;
2-рт: Тоогоор нэрлэх. 1 дэх өдөр гэх мэт.
3-рт: Дээрх хоёрыг хольж нэрлэх, эсвэл хослуулан нэрлэх. Монголчууд ингэж нэрлэдэг. 
Тийнхүү нэрлэхдээ “өдөр”, “гараг” гэдэг үгийг залгах нь бий.

ДАВАА ГАРАГ. Түвэдээр “сар” гэсэн үг. Орчуулбал “саран гараг” гэсэн үг.
Англиар Monday, германаар Montag гэнэ. Өөрөөр хэлбэл, Moon, Mond буюу “сар” гэсэн үгээс гаралтай. Day, Tag нь “өдөр” гэсэн утгатайг та бүхэн мэднэ. 
Оросоор понедельник, словакаар пондэлок гэх бөгөөд орос хэлний “неделя” гэдэг үг одоо “7 хоног” гэсэн утгатай боловч угтаа бол ням гаргийг хэлдэг үг байжээ. Өөрөөр хэлбэл, 
“неделание“ буюу “ажилгүй, амралтын өдөр” гэсэн утгатай. Одоо ч словак зэрэг славян хэлэнд ням гаргийг “неделя” гэдэг хэвээр.
Тиймээс “понедельник” гэдэг нь “неделя” буюу ням гаргийн дараах өдөр гэсэн утгатай үг болно. 
Харин перс (иран), тажик зэрэг хэлэнд “душанбэ” гэх бөгөөд түүнээс нь казах гэх мэт түрэг хэлтнүүд зээлдэн хэрэглэжээ. “Шанбэ” буюу “суббота” (бямба гараг)-гаас хойш “2 дахь өдөр” гэсэн утгатай. Тажикстаны нийслэл Душанбе хотын нэр энэ үг бөгөөд ч гэсэн тус газарт даваа гарагт зах нээгддэг байсантай холбоотойгоор ингэж нэрлэсэн байна. Монголчлох юм бол “Даваа хот” болж таарах нь. Энд 7 хоног эхлэх гараг улс бүрт өөр өөр байдгийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Иранд долоо хоног бямба гарагт эхэлж, баасан гарагт дуусдаг.
Харин эртний энэтхэгийн санскрит (самгарьд) хэлээр Сүмавара буюу Сарны бурханы нэрээр нэрлэх бөгөөд манайхан санскритаар “сумьяа гараг” гэдэг нь үүнтэй холбоотой.
Дорно зүгийн орнууд, тухайлбал Япон, Солонгост 月曜日 гэдэг ханзаар нэрлэж өөр өөрийн дуудлагаар дуудна. 月 буюу саран гараг гэсэн утгатай. 
Хятадууд 星期一 (xing qi yi) гэдэг нь манайхаар бол “1 дэх өдөр” гэсэншүү утгатай. Өвөр монголчууд “гаргийн 1-н” гэж хэлдэг нь хятадаас шууд “калькдаж” орчуулсан хэллэг.

МЯГМАР ГАРАГ. Түвэдээр “улаан нүдэн” гэсэн үг. Ангараг буюу Марс (Mars) гаргийг ингэж хэлдэг.  Монголоор бас орчуулаад “гал гараг” ч гэдэг. 
Англиар Tuesday, германаар Dienstag гэнэ. 
Энэ нь дайны тэнгэр гэгддэг Марсын англи-герман хувилбар болох Teiwaz тэнгэрийн нэрээс үүсэлтэй аж. Өөрөөр хэлбэл, шууд Марс гэсэнгүй түүнтэй ижил төстэй үүрэг бүхий өөрсдийн тэнгэр бурхны нэрээр төлөөлүүлэн нэрлэсэн байна. 
Оросоор вторник, словакаар үторок гэх бөгөөд орос хэлний “2 дахь” буюу “второй” гэдэг үгээс гаралтай. Долоон хоногийн 2 дахь өдөр учир ийн нэрлэжээ. 
Харин перс, тажик зэрэг хэлэнд “сэшанбэ” гэх бөгөөд түүнээс нь казах гэх мэт түрэг хэлтнүүд зээлдэн хэрэглэжээ. “Шанбэ” буюу “суббота” (бямба гараг)-гаас хойш “3 дахь өдөр” гэсэн утгатай. 
Харин эртний энэтхэгийн санскрит (самгарьд) хэлээр Ангарак гэдгийг манайхан авч хэрэглэжээ. 
Япон, Солонгост 火曜日 гэдэг ханзаар нэрлэж өөр өөрийн дуудлагаар дуудна. 火星 буюу Ангараг гаргийн нэрээс үүдэлтэй. 火 гэдэг ханз нь “гал” гэсэн утгатай. 
Хятадууд 星期二 гэдэг нь манайхаар бол “2 дахь өдөр”  буюу “гаргийн 2-н” гэсэн үг.

ЛХАГВА ГАРАГ. Түвэдээр “үлэмж, илүү” гэсэн үг. Буд гариг буюу Меркурий (Mercury) гаргийг хэлнэ. 
Англиар Wednesday гэх бөгөөд Меркурий гаргийн эртний герман хувилбар болох Woden гэдэг үгээс үүсчээ. 
Харин германаар Mittwoch гэдэг нь “7 хоногийн дунд” гэсэн утгатай. Mitt нь английн “middle”, “mid” буюу “дунд” гэсэн үгтэй гарал нэгтэй. Woche (вохэ) нь “7 хоног” буюу английн Week гэдэг үгтэй гарал нэгтэй үг.  

Оросоор среда, словакаар стрэда гэх бөгөөд герман хэлнийхтэй төстэй буюу “среди, средний” гэсэн үгээс гаралтай. “Дунд” гэсэн утгатай. Лхагва гараг нь ажлын 5 өдрийн яг дундах нь учраас ийнхүү нэрлэжээ. Бас 7 хоног ням гаргаас эхэлдэг гэж үзвэл, лхагва нь яг дундах өдөр тул ингэж нэрлэсэн гэж талйбарлах нь бий.   
 Харин перс, тажик зэрэг хэлэнд “чохоршанбэ” гэх бөгөөд түүнээс нь казах гэх мэт түрэг хэлтнүүд зээлдэн хэрэглэжээ. “Шанбэ” буюу “суббота” (бямба гараг)-гаас хойш “4 дэх өдөр” гэсэн утгатай. 
Харин эртний энэтхэгийн санскрит (самгарьд) хэлээр Budha гэдгийг манайхан авч “Буд” гэх болжээ. 
Япон, Солонгост水曜日 гэдэг ханзаар нэрлэж өөр өөрийн дуудлагаар дуудна. Энэ нь 水星 буюу Буд гаргийн нэрээс үүдэлтэй. 水 гэдэг ханз нь “ус” гэсэн утгатай. 
Хятадууд 星期三 гэдэг нь манайхаар бол “3 дахь өдөр”  буюу “гаргийн 3-н” гэсэн үг.

ПҮРЭВ ГАРАГ. Түвэдээр “гадас” гэсэн үг. Бархасвадь буюу Юпитер (Jupiter) гаргийг ингэж хэлдэг.  
Англиар Thursday, германаар Donnerstag гэнэ. 
Энэ нь Юпитер тэнгэрийн англи-герман хувилбар болох  Thunor / Donnar тэнгэрийн нэрээс үүсэлтэй аж. Өөрөөр хэлбэл, шууд Юпитер гэсэнгүй түүнтэй ижил төстэй үүрэгтэй өөрсдийн тэнгэр бурхны нэрээр төлөөлүүлэн нэрлэсэн байна. 
Оросоор четверг, словакаар штврток гэх бөгөөд орос хэлний “4” буюу “четыре” гэдэг үгээс гаралтай. Долоон хоногийн 4 дэх өдөр учир ийн нэрлэжээ. 
Харин перс, тажик зэрэг хэлэнд “панжшанбэ” гэх бөгөөд түүнээс нь казах гэх мэт түрэг хэлтнүүд зээлдэн хэрэглэжээ. “Шанбэ” буюу “суббота” (бямба гараг)-гаас хойш “5 дахь өдөр” гэсэн утгатай. “Панж” гэдэг нь орос хэлний “пять” гэх мэт үгтэй төстэй, санскрит хэлний “Банзрагч” (Таван сахьяа) гэдэгт ордог “панча”-тай гарал нэгтэй үг. 
Харин эртний энэтхэгийн санскрит (самгарьд) хэлээр Брихаспати гэдэг нь монгол хэлэнд бага зэрэг хувирч Бархасвадь болжээ. 
Япон, Солонгост木曜日 гэдэг ханзаар нэрлэж өөр өөрийн дуудлагаар дуудна. 木星 буюу Бархасвадь гаргийн нэрээс үүдэлтэй. 木 гэдэг ханз нь “мод” гэсэн утгатай. 
Хятадууд 星期四 гэдэг нь манайхаар бол “4 дэх өдөр”  буюу “гаргийн 4-н” гэсэн үг.

Гаргийн нэрсийн заримыг өөрийн мэдэхийн хэрээр тайлбарлалаа. Хэл сурч байгаа хүмүүст сонирхолтой байж магадгүй гэж бодоод энэтхэг-европ хэлнээс төрөл хэл (славян хэлний бүлгийн орос, словак), (герман хэлний бүлгийн англи, герман), (иран хэлний бүлгийн перс, тажик), хятад хэлний нөлөө ихтэй, ханзны соёлт япон, солонгос (япон, солонгос хэлийг монгол хэлтэй адил Алтай хэлний бүлэгт оруулдаг судлаач бий) гэх мэт хэлний жишээн дээр тайлбарлахыг оролдов. Судалгааны ном уншиж амжсангүй. Иймэрхүү ном, өгүүлэл байдаг байлгүй.
Франц зэрэг роман хэлэнд хэлэнд бас л “сар” болон грек, ромын тэнгэр бурхдын нэртэй холбоотойгоор нэрлэдэг бололтой юм билээ. Франц хэлээр “а” ч байхгүй тул тодруулж чадсангүй. Эхний ээлжинд Пүрэв гараг хүртэл тайлбарлалаа. Дэндүү урт бол хүмүүс уншихгүй байх гэж бодоод энэ хүрээд өндөрлөе. Бас үлдсэн гаргийн нэрс өөр өөр утгатай, тайлбарлахад цаг нэлээд орно. Юу ч гэсэн, хүмүүсийн реакц, өөрийн цаг завыг харж байж болдог хэрэг ээ. 😜😜😜

Comments

Popular posts from this blog

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД