Хувьсгалчдын ТҮҮХ нууц бичиг
ХУВЬСГАЛЧДЫН ХАРИЛЦАЖ БАЙСАН НУУЦ ТҮЛХҮҮР БИЧИГ
Нууц түлхүүрт орсон нэр томъёоны нэлээд хэсэг нь хүний нэр юм. Нууц түлхүүрт шифрлэгдсэн 78 хүнийг харьцуулж үзвэл: 22 нь МАН-ын гишүүд, үүнд: С.Данзан, Д.Бодоо, Д.Догсом, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Лосол, Х.Чойбалсан нар болон тэдний хамтран зүтгэгчид, 11 нь В.И.Ленин, ОК/б/Нам, тухайн үеийн Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн, 13 нь үндэсний тусгаар тогтнолын үзэл санаа бүхий монгол түшмэдүүд, 16 нь монгол ноёд лам нар, хятадын цэргийн эрхтнүүд байв. Мөн үйл ажиллагаа, учир холбогдол нь одоогоор тодорхойгүй 16 хүн байна
Нууц түлхүүр бичигт МАН-ыг буриадын хоршоо, түүнд багтаж байсан бүх хүмүүсийг адуу, Нийслэл Хүрээнд үлдсэн МАН-ын гишүүдийг шар булигар, Оросоос тусламж гуйхаар явсан хүмүүсийг хар булигар гэж бүхэлд нь нэрлээд Богд-Будухов-Буянов, Эх дагина-Эхдулам, Жалханз-түвэд хоргой-Жамбажав, Да лам-Медев-Пеленов, Дилав-юм оёх машин-Демитр, Дархан ван-Даранов, Чин ван лам-Чагдаржав, Базаррагчаа гүн-Базаров, Норов гүн-Бурдуков, Нямжав гүн-Нягтаев, Тогтох занги-Зангиев, Сүхбаатар-Ээж, Чингунов, Чойбалсанг-Иван, Зайцев, Бодоог-Иван, Лосолыг-Аав, Догсомыг-Георги, Чагдаржавыг-Феодор, Данзанг-Николай, Дугаржавыг-Тимофей, Дугаев, Жигмэддоржийг-Алексей, Гүрсэдийг-дүү, Дэндэвийг-Николай, Жамъянг-Попов, Хатанбаатар Магсаржавыг-Шилэн аяга, Батуев, Алтангэрэлийг-Анатолий, Бавуудорж-Дмитрий-Гомбоев, Ламжавыг-Торго-Латив, Галсан мэйрэнг-тугалга, Сүрэнг-Рибэн (япон), Аюуш-Балыковыг-Дагданов, Пунцагийг Пучков, Ленинг “Леников”, Борисовыг-ах, Наум Буртаманыг-Буликов, Гапоныг-Галтхүү, Гембаржевскийг-хөвгүүн, Кучеренког-эхнэр, Соровковиковыг-Цэмбэл, Янсоныг-Лувсан, Цэдэн-Ишийг- эгч, Балмасууг-Солтаев, Ринчиног-Бадам, Ээндэн-Сергейв, Зин Зо лин-Корлов, Ширнэн жонон-Гармаев, Номчийн сайд-алтан цаг, Сүрэн зайсан-рибин цаг, Цэрэндорж-Серенов гэх мэтээр тус тус нэрлэжээ.
ГАЗАР ОРОН
Нууц үгийн түлхүүр бичигт хүний нэрээс гадна, Монголын Нийслэл хүрээ, халх дөрвөн аймаг, их шавь, Ховдын хязгаарын том бага хүрээ хийд, өртөө, харуул зэрэг төвлөрсөн 39 хот суурин газар нууц нэрээр шифрлэжээ. Түүнчлэн Москва, Петерград, Омск, Красноярск, Владивосток, Эрхүү, Хиагт, Чита, Үдэ, хятадын Бээжин, Хаалган, Харбин хот, Өвөр Монголын Хөх хот, Долон нуур, Зургаан Чуулган, Буриадын баруун, зүүн хорь аймгаас гадна Англи, Америк, Герман, Австри, Франц, Турк, Итали, Төвд улсын нэр дурдагдсан.
Мөн гадаад харилцаанд холбогдолтой ялангуяа тухайн цаг үеийн Монголтой худалдаа эдийн засгийн харилцаатай байсан зэргэлдээ улс орон, хот суурин газрын нэрийг тэмдэглэсэн байдаг. Үүнд: Москваг-Красноярск, Петреградыг-Урал, Эрхүүг-Мөрөнгийн хүрээ, Бээжинг-Тарианы газар, Читийг-Харуул, Троицкосавскийг-Хамбын хүрээ, Владивостокийг-Хар мөрөн, Америкийг-Шинэ пяоз (банкны тэмдэгт цаас), Японыг-даавуу, Английг-төмөр, Германыг-шил, Францыг-будаг, Австрийг-хадаас, Туркийг-дархан, Италийг-эмч, Монголыг-Александр, Хятадыг-Коликов, Буриадыг- задгай мөнгө, Манжуурыг-Сэцэн ханы өргөө, Хаалга-Чит, Хиагт-Үд, Үд-Байгал, Эрхүү-Ангар, гэх зэрэг бусад олон хот, улс орныг нууц нэрээр тэмдэглэжээ.
Бас Монголын аймаг хот, хүрээ хийд, төвлөрсөн суурин газруудыг нууц шифрээр томъёолсон тусгай нэртэй байв. Тухайлбал, Нийслэл Хүрээг-Сономын пүүс, Хиагтыг-вангийн хүрээ, вангийн хүрээг-далайн пүүс, Ховд хотыг-Бадрахын пүүс, Хөвсгөл-Түнхэн, Ховд-Алтай, Улиастай -Өрөмч, Чойр-Заяын хүрээ, Да хүрээ-Хиагт, Амарбаясгалант- Мандал, Заяын шавь-Рашаант, Мөрөнгийн хүрээ-худалдаанд, Эрдэнэ зуу-гүнгийн хүрээ, Говь-тэргүүн хүрээ, Сэцэн ханы өргөө-хутагтын хүрээ, Далай вангийн өргөө-Сэцэн ханы өргөө, зүүн хүрээ-Хэрлэн, Хэрлэн гол-Онон, Төвхөн хийд-Баруун туул, Улаангом-Заяын хүрээ гэх мэтээр нэрлэжээ.
ЦЭРЭГ ЗЭР ЗЭВСЭГ
Нууц түлхүүрт цэрэг зэвсгийн холбогдолтой нэр томъёо нэлээд байгаа юм. Түүнд монгол цэргийг зургаатын лаа, орос цэргийг дөрөвтийн лаа, буриад цэргийг цагаан тос, хятад цэргийг хөх даалимбуу, их бууны цэргийг төмөр замын лаа-сайн цэмбэ, хятад, төвд хүнийг шандан даавуу, их бууг бержент буюу шилүүсний арьс, пулемётыг чонын арьс, винтовыг хуучин цаас, гар бууг орос гутал, бууны сумыг совет цаас, нисэх онгоцыг цэмбэ, цахилгаан тэргийг салдааз, хуягт тэргийг сайн салдааз, миниг овъёос, бөмбөгийг ухаа цэмбэ гэх зэргээр мөн л тэр үеийн худалдаанд өргөн хэрэглэж байсан барааны нэрийг хэрэглэжээ.
ТҮҮХЭН ҮЙЛ ЯВЦ
Зөвлөлт Орос Улс, Коминтернээс тусламж хүсч явсан төлөөлөгчид зорьсон хэргийнхээ явц бүтэмжийн тухай эргэж мэдэгдэхдээ ЗОУ-аас авах тусламжийг-мөнгө зээлэх буюу алт авах, тус болохыг юмны үнэ сайн, ЗОУ-ын консулыг шинэ цаас, Орос газрыг түншийн пүүс, бүрэн эрхт тусгаар тогтнол олохыг 300 доллар, автономи эрх олохыг 200 доллар, явдал бүтэв гэхийг-наймаа сайн, гэх зэргээр нууцлан нэрлэжээ. Нууц түлхүүр бичигт хэрэглэсэн нэр томъёонд Ардын нам-Буриадын хоршоо, Түшмэдийн нам-явуулын хоршоо, ноёдын нам-харилцан туслах хоршоо, шашин-аав, төр-эгч, жаргал-дуртай, зовлон-дургүй, улаантан-лам нар, хүрэнтэн-харчууд, цагаантан-бүсгүйчүүд, сайн-үнэтэй-муу, муу-үнэгүй ховор-сайн, худал-олон-үнэн, үнэн-цөөхөн-худал, туслах-эмчлэх, дайтав-хэлэлцэх, хурдан-даруй-удаан, удаан-өвчтэй-хурдан, хүрэв-ирмүй-сайн байна, нууц туслах-мөнгө зээлэх-мал авах, илэрхий туслах-алт авав-сайн алт, олон улсад нэвтрүүлэх-худалдаа сайн-худалдаалах, сэжигтэй болов-бие муу-ээжийн бие муу, мэхэлж буй-холгогдов-мөнгө өгсөнгүй, хятад тагнуул-цагаан хөдсөн малгай-шанхайн сонин бичиг,
ОРОН ЗАЙ, ЗҮГ ЧИГ, ЦАГ ХУГАЦАА
Хол-яргай мод, ойр-гоожон мод, их-10 пүнт, бага-5 пүнт, олон-цөөн, цөөхөн-олон, 1 сар-1 долоо хоног, 2 сар-2 долоо хоног, 3 сар-3 долоо хоног, 4 сар-4 долоо хоног, 5 сар-5 долоо хоног, нэг өдөр-нэг өдөр, хоёр өдөр-хоёр өдөр, нэг цаг-нэг цаг, хоёр цаг-хоёр цаг, өмнө-хойд, өрнө өмнө-зүүн өмнө, өрнө-зүүн, өрнө умар-зүүн хойд, умар-өмнө, умар дорно-баруун хойд, дорно-баруун, дорно өмнө-баруун өмнө хэмээн нэрлэжээ.
ЦАХИЛГААН УТАС
ЗОУ-д явсан болон Нийслэл Хүрээнд байсан хувьсгалчид Нийслэл Хүрээ, Хиагт, Үдэ, Эрхүү хотоос нууц шифрээр харилцаж байсан хорь шахам цахилгаан утас эдүгээ бидний үед уламжлан үлджээ. 1920 оны 7 дугаар сарын эхээр Нийслэл Хүрээнээс Троицкосавск хотноо “Иван, Николай нар хүрэв үү” гэсэн нэг утас ирүүлжээ. Иван, Николай гэсэн нь Чойбалсан, Данзан нар болно. Мөн сарын дундуур Данзан, Чойбалсан нараас нууц түлхүүрээр Нийслэл Хүрээнд хэд хэдэн утас ирүүлж Богдын тамгатай бичиг авч ирэхийг шаардсан байна. Мөн сарын хоёрдугаар хагаст Нийслэл Хүрээний нөхдөөс С.Данзан, Х.Чойбалсан нарт ижил утгатай хоёр утас ирүүлсний нэг нь “Малын үнэ муу, хээр морь эмэгтэй, Будуковоос янчаан авах төлөвтэй. Георгийгээр хүргүүлнэ. Мөнгөний явдалд яар” гэснийг нууц түлхүүрээр тайлбал: “Хятадууд, Сюй-Шү-Жаны харгислал уламж хэцүү болж байна. Тусламжийн бичигт Богдын тамгыг даруулах төлөвтэй. Догсомоор хүргүүлнэ, тусламж авахыг түргэл” гэжээ. Түүний дараа С.Данзан, Х.Чойбалсан нараас Нийслэл Хүрээнд ирүүлсэн нэг цахилгаанд: “Цагаан мөнгөний үнэ сайн, янчаан хэрэгтэй байна. Хэрэв Будуковоос авсан бол Георгийгээр явуулмуй” гэсэн нь Хойд зүгийн байдал сайн. Богдын тамгатай бичиг хэрэгтэй байна. Хэрэв авсан бол Догсомоор явуулсан тухай хариу өг” гэсэн тайлбар гарч байна. Мөн үед Нийслэлд ирүүлсэн нэг цахилгаанд: “Өргөө Кучеренкод Маслаков морь өгөв. Бараа хэрэгтэй байна. Барааг юуны өмнө илгээ. Иван” гэсэн нь Хүрээ Кучеренкод Маслаков бичиг дамжуулан өгөв. Мэдээ их хүлээж байна. Яаралтай илгээмүү” Чойбалсан гэсэн байна. Мөн Д.Сүхбаатараас Чингунов гэсэн нууц нэрээр иймэрхүү утгатай өөр нэг утас Нийслэл Хүрээнд ирүүлж байв. Эрхүүд байсан хувьсгалчдаас 1920 оны 8 дүгээр сард Троицкосавск хот дахь консул О.М.Макстеникээр дамжуулан Нийслэл Хүрээнд ирүүлсэн нэг цахилгаанд: “Хар булигар явуулбаас үнэ ямар болохыг хариу ирүүл. Николай, Георгий, август сарын 18” гэсэн нь явсан хүмүүсийн заримыг буцаавал ямар вэ” гэжээ.
Эцэст нь тэмдэглэхэд Монголын хувьсгалчдын харилцааны чухал хэрэгслэл нууц түлхүүр нь эдүгээ бидний үед хадгалагдан үлдсэн нэн чухал эх сурвалж төдийгүй архивын хосгүй үнэт баримт юм. Нууц түлхүүрийн жинхэнэ гар бичмэл эх, хуулбар нийлсэн дөрвөн хувилбар, 15 хуудас баримт, түүгээр бичсэн хорь гаруй цахилгаан хадгалагдаж байна.
Бичсэн: Т.Сайнжаргал /ҮТА, ЭША/
Comments
Post a Comment