Үүлэн Гүнжийн Домог

Үүлэн ГҮНЖийн домог

Эрт урьд цагт гэнэ, ертөнц үүсэхийн алдад гэнэ
Элбэг баян хангай аавтай, эрхлэн мяралзах хатан тунгалаг ээжтэй
Энгүй үзэсгэлэнтэй, эрх дураараа зантай
Элдэв мууг бододгүй их өрөвч сэтгэлтэй нэгэн хөөрхөн охин байжээ
Тэгтэл түүнд галын ханхүү дурлаж, газар сайгүй дагаж
Түүнтэй хэрэв гэрлэхгүй бол түмэн сайханг шатааж сүйтгэнэ
Тэгээд зогсохгүй бүхнийг үнс болгоно гэж сүрдүүлж гэнэ шүү
Тулгаж шавдуулан аав ээжээс нь оргуулах гэж гэнэ дээ
Учрыг нь мэдсэн охины аав инээвхийлэн мишээж хүд хүд хөхрөн
Улаан гал залууд учирланхан, хүү минь чи хоцорч хурмаст тэнгэр сүй тавьсан
Ургын явдалд ёс хатуу, за бол андгай буй хэн ч үл зөрчин гээд
Уран явдалт энхрий охиноо толгой дээрээ өргөн нууж ҮҮЛ болгосон домогтой гэнээ
Тэр цагаас хойш мяралзах ээждээ үнсүүлж, уул аавдаа эрхлэн манан болж буугаад
Тэртээд мишээх наран ханхүүгээ хармагц өөдөө дээш бүжин хөөрч нисээд
Тэгмэгцээ элдэв дүрсэд хувиран үүгээр түүгээр эрхлэнхэн гүйж тоглоод
Тэсэхгүй заримдаа зангирч бороошин цэцэгсийг услан мөрөн ээждээ шингэдэг гэнэ лээ
Зиа домог үлгэр маань энд хүрээд өндөрлөлөө
Маш сайн магадлан дуулаад маргаашын үлгэрээ сонсоорой 

Үүлэн гүнжийн шивнээ

Урт холоос зорин ирэх хайр шүү би
Уянга өнгө хөглөх сэтгэлийн чинь толь шүү
Урам итгэлийн цагаан гэгээн цацал шүү
Усан дусал болж үнсэх ариун сувдан бэлэг шүү
Бодлоос чинь дэгдэх бага насных нь дурсамж даа
Богинохон амьдралыг сануулах эртний шаштирын хуудас даа
Болзоот хосыг зураглах яруу цагаан бийр дээ
Болзолгүйгээр бүхнийг аргадаж саатуулах салхи хөлөглөгч гүнж дээ
— ингэнээ, цаашлуул
Холын холоос сураг анирлуулж чамруу ирдэг
Ховор сонин бүхнийг чинь сонсох гэж яардаг
Харин чи дээш хараад мэндэлчихгүй болохоор
Хааяа би бороо болон орж хацрыг чинь үнсдэг дээ #гэнээ 
Үүлэн гүнжийн захиас:
Уул хайрхан аавыг минь хайрлаарай
Ус гол мөрөн ижийг минь гамнаарай
Угалзран эрхлэх үүл намайг харж цэлмээрэй
Уурлан хүржигнэх аянга галнаас сэрэмжлээрэй!
—- гэжээнлээ дээ 

Үүлэн ГҮНЖ

Цалгих мөрөн гол ээжийнхээ өврөөс ууршин дэгдэх охин доо
Цал буурал тэргүүнт хайрхан аавынхаа хүзүүнд асах сувданхан дусал даа
Цагаан гэгээн бүхнийг илтгэж мушгиран долгилох уран зураг даа
Цаг цагийн хувирлыг сануулж шаагин намирах бороон дусал доо
Наран хан хүүтэй эрхлэн угалзрах бүжигч цагаан охин доо
Нартайгаа нуугдан тоглоод олохгүй төөрч гомдлоод уйлдаг гүнж дээ
Нэгэн цагт дурласан гал аянган ханхүүтэй хөөцөлдөн зугатах бүсгүй л дээ
Нарлагхан өдөр зүүрмэглэн сэмжрэх хөх тэнгэрийн үүлэн эрх дагина даа 

Сартай бүжих ҮҮЛ

Хамаг бүгд нойрсох цагаар саран авхай мандмагц
Хөнжлөөсөө сугаран үүлэн ханхүү түүнийг урьж цугтаа бүждэг гэх
Холын одод тэднийг харан аальгүйтэн мишилзэж
Хослох тэдний бүжгийн аязанд нь гялалзан хөөрч анивчдаг гэнэм
Зөвхөн тэд л мэдэх хайрын үлгэрээ ярилцан хамт зугаалахуй
Зөн зүүд тэднийг зураглан нойрсогч бүгдэд түгээдэг гэх
Зуны цэцэгс өвлийн цас гээд дурсамж бүхнийг цогшоож
Зуун зууны түүхээ ярилцан шөнөжингөө тэд болздог гэнэм 

Үүлэн БАЯР, тунирхал

Учиргүй санаж нэгдсээр бүхнийг хучих бороон үүлс
Угтаа ам зөрөлдөвч дотроо хайрлалцах эгч дүүс гэнэм
Уул тойрон нэгнээ элдэвч учирмагцаа хүрэнтэж аянга тачигнуулах
Ус болон уйлж урсах учиртай учигтай эгч дүүсийн эрхлэл гэнэм
Дүү үүлээ бараан гэж эгч нь аянгаар ороолгон уйлуулдаг гэх юм
Дүү нь ч дутахгүй танаас болж барайжээн гэж гомдлон дусал дуслаар мэлмэрүүлдэг гэнэ
Даанч удахгүй цугтаа уйлж уурлаж бараад хамтаа гийж цэлмэдэг гэнэ
Дахиж муудахгүй гэж эвлэрэнгүүтээ эрвээхэй хөөж тал бүрт салж зугаалдаг гэнээ

Ууртай ҮҮЛ эгч

Салхи та хоёр хачин байгаа шүү гэж эгч үүл уурсаж
Сэмхэн орхиод зугатаачихлаа гэж гомдлоод
Сайхан цэцгүүдийг гандаалаа гэж аашаа гарган зангирмагцаа
Сүрийг үзүүлэн газраас зууран тэнгэрт авирах үүл эгч ч аймаар даа
Яасан удаан нүүдэг юм хурдлаач гэж урд нэг хойно нэг зангирах эгч үүл
Ялтан болгож дүү үүлээ дандаа дээрлэхэх нь чухам өрөвдмөөр
Яахав тэнгэрийн уудмаар аялагч эрх чөлөөт дүү үүл нь зүггүй ч
Яаж эгчийнхээ үгнээс гарахав чимхүүлэн зодуулан цугтаа л хөвөх юм даа зайлуул
бас л


Говийн ҮҮЛэн домог

Эрт нэгэн цагт юм гэнэ лээ
Элсний оронд далай цалгиж байсан үе гэнэ лээ
Элбэрэл хайран дунд нэгэн хан хүү
Эрх дураараа ч ухаалаг нэгэн болж бойжиж байв гэнэ
Шүрэн эрдэнээр тоглож далайн хясаагаар наадан өссөөр
Шунхан улаан гал, цэлэлзэх усанд авташгүй баатар эр болж
Шаргалтах нар мэт гэрэлтсэн хурц харцтай
Шөрмөслөг хүдэр бие, саруул ухаантай жонон болж чаджээ
Ардаа айх аюулгүй, өмнөө түгших дайсангүй
Алс газарт чимээтэй, алив бүхэнд тустай
Ард олонтой ээлтэй, аав ээждээ түшигтэй
Ачлал сайт түүнд бүгд талархан баясаж, амаа олохгүй магтдаг байв гэнэ
Тэгтэл түүний суу алдар, амжилт нэрэнд атаархсан нэгэн муу сүг
Тарчлах олон дэм тус эрж хайлан уйлан хүлээж байна хэмээн
Түүнийг хууран нутгаас нь алс хойд зүгт явуулж
Тэр завсарт нь нутгийн цөлжүүлж, далайг нь ууршуулжээ

Ханхүү хойш зүгт явсаар хүйтэн мөсний оронд очтол
Хөөрхөн ч гунигтай цасан гүнж түүнийг тосоод, хуурагдсанг нь хэлж
Хорон илбэчин түүнийг мөн тэнд мөнх дөнгөлж орхисонг учирлажээ
Хурдан харьж нутаг зоноо авар гэж захиж, үүрд хүлээнэ гэж амлажээ
Жигүүрт бор мориороо сум шиг сүнгэнээд нум шиг чиврээд
Жад шиг мод, уулсын дээгүүр жаран хоромд буцаж ирвээс
Жаргалтай нутаг ус нь үгүйрч хоосрон, газрынхаа гүн рүү шурган нуугдаж
“Жир бус хүн” биш бол танишгүй, жигтэйхэн өөр орон болж угтжээ

Тэгмэгц атаат муу сүг, аймшигт хорон дайсанг олж дарталаа
Төрсөн биеэрээ үзэгдэхгүй, түмэнд өөрийгөө ахиж таниулахгүй гээд
Тооноор гарах утаа уур мэт уусаж нисээд 77н шидээ хэрэглэн
Тэртээ дээгүүр зөөлхөн нүүх ҮҮЛ болон хувирсан юм гэнээ
Мяралзах зэрэглээн дунд хааяа хөрсөн доорхи хаант улсаа тольдоод
Мянган галвын чинадыг сануулж гандирсын хотоо заримдаа үзүүлж 
Мянган мянган элсэн ширхэгт нууцаа үүцлэн оёж шаштирлаад
Маргаашын төлөө өнөөдрөө чандлагч ҮҮЛЭН САХИУС болсон юм гэнэ лээ

Ингээд жигүүрт бор морио хүчирхэг угалз болгон нуучаад хүлэглэж ирдэг говийн үүл
Их ширүүхэн яарахдаа тэнгэр газрыг нийлүүлж харанхуйлтал нүүгэлтэн нууцхан морилоод
Ижий аав нутгаа санасан даа, бороо болж асгаран уйлж оровч дороо татарч
Ирж буцахдаа гомдолтойхон дуслаад өнгөрдөг номтой болсон юм гэнэ лээ
Хойд далайд хүлээх цасан гүнждээ хоргоддог болоод ч тэрүү
Хаа нэгтээ айлчилж их ховор ирдэг үүлэн ханхүү, тийн хоёр тийш яарч
Хөврөх зузаан үүл болтлоо тогтож амжихгүй, сэмэрч нимгэрээд аяншиж ядраад
Хүслэн болсон нутагтаа тааваараа байж чаддаггүй юм гэнэ лээ

Зиа домог үлгэр энд хүрээд жаргав
Зөв сайн сонсож сураглаад, зөндөө үлгэр ярьж байгаарай хүүхдүүд дээ 

Үлгэрт сурах юм их бий
Үлгэрээс сонсох нууц олон бий
Үргэлж цугтаа, хэзээд хамтдаа байх зам тэнд буй!!!

Үүлэн ХАНХҮҮ

Армаг тармаг ч хөрсөндөө нуугдсан гандирсын хот
Ангамал улайсмал ч ширхэг бүхнээ шаштирласан нууцын өлгий
Атаа тэмээ, аргал угалз хулан тахь, мазаалайн гэр
Алтан шаргал говийн эзэн сэмжин цагаан үүлс

ГОВИЙН ХАНХҮҮ

Цасан дагинаа үгүйлэн яарах өөвөн цөөвөн говийн үүлэн ханхүү дээ
Цалгих тэнгисээ санан зүүдлэх зэрэглээт говийн гялбам цагаан залуу жонон доо
Цахилах аянга, угалзрах салхин хүлэгтэй говийн үүл нь баатар эр дээ
Цаг цагийн уртад яаравч аажууран хурлах үүлэн говийн шидтэй залуу даа

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД