Говийн 6н нууц
Говьд нууцлагдсан домог
Эртээ урьдын цагт энэ ертөнц бүрэлдсэний дараа юм гэнэ
Эр бяр жигдэрсэн эрэлхэг ах дүүс, эрдэм оюунт ихэр эгч дүүс нар
Эзэн болж бүхнийг жаргаан эв найртайгаар сайхан бүхэнг цогцлоож
Эргэх мөчийг тоололгүй энх тунх элбэг баян амьдардаг байжээ
Энтээ ууланд нь өнгийн цэцэгс алаглаж, тэртээ ууланд нь түмэн жимс дэлгэрч
Эгнэшгүй цэнгэг, яндашгүй хувилгаан шидтэй рашаан булгууд нь уулсынхаа салаа бүрээр урсаж
Эрхэм гоё аялгуу эгшигээр жигүүртэн шувууд нь дуулан жиргэж, ургамал мод нь ч даган бүжээд
Эе найрын хорвоо ертөнцдөө Гандирсын хотоо сүндэрлүүлэн цэцэглэнхэн хөгжиж байв гэнээ
Тэргүүлшгүй цагаас дуусашгүй мөч хүртэл ийм сайхан амьдрал байх гэж гээл хавь ойрдоо шагшигдан
Тулалдах дайсан, туулах зовлонгүй хотлоороо цэнгэлтэй амар амгалан сууцгааж
Тэнгэр эцэг газар эхийнхээ хайранд өлгийдүүлэн 77н хэлийн эрдэмт нэвтэрч, бүхэнд боловсрон
Тунчиг энхжингийн оронг үүтгэн, дээрээ ноёнгүй дэргэдээ үгүйрэлгүй аз жаргалд умбан байдаг байв
Алаггүй ардчилсан, ялгаваргүй янз төгөлдөр жигдэрсэн, шудрага ёс хүнлэг сэтгэл халгиасан
Ах дүү зургаагын энэхүү тансаг дагшин газар нь Мөнх тэнгэрийн уугуул, Монгол түмний суугуул нутаг бөгөөд
Аль эртний ерөөл тавилантай, алаг хорвоогын цээжинд оршиж чандмань эрдэнэ ус булгийн ундрага эх болсон
Алт мөнгө гэхчлэн түмэн эрдэнэс хурж, буман зүйлсийн өв үүц хэмээгдсэн өгөөж буянт диваажин байжээ
Энэхүү ах дүү зургаа нь хос хосоороо ихэр бөгөөд 3н цагийг эзэлсэн их орчлонгийн чинадаас
Эгэлгүй нууц эрдмийн хүчээр энэ замбуулинд заларч төрсөн, шид ид төгс хувилгаадууд ба
Эргэх олон төрөлдөө чадал ном нь арвижин нэмэгдсээр, 99н төрөл зүйлд хувилж хувирч чаддаг баатрууд болж улмаар
Эх дэлхийнхээ амар амгаланг сахиулах "нууц хөлгөн тэнгэрүүд" хэмээн соёрхогдон дэвшиж *холын оддод хоромд хүрэх* авъяастангууд болж заяагджээ
Ах дүүсийн ахмад нь хурдан шаламгай, тэсвэр хүчээрээ гайхагдсан ХУЛЦАГААН гүнж, ТАХИМБОР жонон хоёр ба
Аварга бие, хүч тэнхээгээрээ удаалах Майга-Хар, Ширээ-Улаан ихэр хөвгүүдийн ч эрдэм чадал нь хосгүй юм гэнэ
Алаг нүдэн бага гүнж, монхор хөөрхөн бяцхан хан хүү ч ах эгчээсээ дутахгүй арвин эрдэмтэй төдийгүй
Алсыг ойртуулж товчлон, амин судлыг олж таньдаг ховор суу билигтэн юмжээ
Тэгтэл нэг өдөр тэдэн дээр хариас яваа, ядарсан болтой ихэд тамирдсан дөрвөн хүн зочилж
Тусалж тэтгэхийг хүсэн, тэдний алдрыг ихээ сонсож дуулаад бишрэн эрсээр ирэв
Тиймийн учир: "Нутаг орондоо суулгаж ном эрдмээ хуваалцаж сургахыг хүсье, гуйя?" гээд
Таван өнгийн өргөл барьц барьж, аль сайн сайханг тоочин уран амлаж гарчээ
Тэрхүү муу зүгийн дөрвөн албин "зүсээ нууж, нэрээ далдан" ов мэх хэрэглэн зальхайлж
Тунчиг сайныг ярьж, сайханг өгүүлсээр буйд ах дүү 6 итгэж, өөрсөд шигээ санан гэгээнээр бодож найдан
Тэнгэрт тулам мууг үйлдэхээр санаархаж, газарт шингэмгүй гай удахаар товлон буйг эс мэдэх тул
Төөрсөн эндсэн зовсон амьтас л гэж эндүүрэн тийнчлэн дотночлон аль болох бүхнээрээ дайлж зочилж гэнэ
Ах дүү зургаа ийнхүү алив мууг саналгүй хүн ёсоор бодон аль байдгаараа туслан тэтгэж хамаг бүхнээ хуваалцжээ
Аав ээжийнхээ өвлүүлсэн нандин бүхнийг ч үзүүлж, алаг үрсийнхээ төлөөх эрхэм бүхнээ ч харуулжээ
Ачлалыг үл мэдэх харийнхан энэ бүгдэд хөхөн баясч, шуналтан хорсож байдаг муу бүхнийг хийхээр шийдэж
Ачит аав ээжийнхэн нэрээр айхтар хуурч, сүрхий мэхлэн алс холруу ах дүүсийг явуулжээ.
Тэднийг дөнгөж явмагц хар санаат муу сэтгэлт харийхан, хар шид домын хүчээр
Тэнгис далай ус голын ширгээж, амьтан ургамлын дайжуулж эрдэс баялгын газар нууж
Туурайтан туулшгүй зэлүүд, жигүүр хүршгүй эзгүй цөл болгоод диваажинг там болгон сүйрүүлж
Танигдахын аргагүй хувиргаж, өөрсдөө ч эрдэмт баатруудаас зугатаж угалз элсэнд шингэн далдалжээ
Үүнийг мэдмэгцээ ах дүү зургаа, нутгаа харийн хорон санаатнаас аварч чөлөөлөх гээд зүсээ өөрчлөн ирцгээжээ
Үүлэн хэвнэгт шидэт нөмрөгөө хөлөглөн, үүр үдэшгүй шөнө өдөргүй сахиж суухаар шийдэцгээжээ
Үнэн зөв ялдаг худал буруу ялагддаг жамтайг үзүүлэхээр зунд халуунаар шарж, өвөлд хүйтнээр жиндүүлэвч
Үзэшгүй нуугдаж, олдошгүй далдалсан харийн 4-н муу санаатан ховхорч зайлалгүй тэмтэрч мэдэгдэлгүй бөхлөн суужээ
Тиймээс ах дүү зургаа бүгд эзэмшсэн эрдмээ ашиглахаар цуглан ярьж товлон тогтож
Тэсвэр тэнхэлийнхээ хүчинд нутагтаа амьдрагч *Хулан Тахь, Мазаалай Хавтгай, Хар сүүлт Бөхөн* болон хувирчээ
Тэр дүрээрээ ус нутаг бэлчээр ургамлаа бүртгэн, түүгээрээ дамжуулж харийханг хайсаар л байгаа ажээ
Тун удахгүй газар орноосоо харийханг үлдэж хөөгөөд энхжингийн диваажингаа сэргээхийг хүсчээ
Том эгч ХулЦагаан хурдан гавшгай хол цахилагч тул Хулан болж, том ах ихэр учир тахь болон ижилсжээ
Тэнхээлэг ихэр хөвгүүд нь Мазаалай Хавтгай болон өргөст харгана, элсэн манханаас ч харийханг эрж шиншилжээ
Тэрчлэн алаг нүдэн гүнж ч ХАР СҮҮЛТ болж, монхор дүү нь БӨХӨН болон хувираад тэдний мөрийг мөшгиж, мөлчгөрийн тоолж буй гэнэм
Туулсан явсан зам, төөрүүлж гээсэн чиг бүрийн бүртгэн тодруулж илчлэн барихаар отож зэхэн буй гэнэм
Одод орчлонг хоромд туулж, агшинд алс аялаад ирэх "АМГАЛАНГ САХИУЛАХ" ах дүү 6-н баатрыг
Одоох төрхөө өөрчлөн онцгой чадвараа далдлан говьд цуглан амьдарч буйг мэдсэн 4н албингууд
Оргүй ертөнцийн муу зүгийн тийрэн чөтгөр шулам тэргүүтэн муу бүхэнг хөдөлгөж
Одоо байгаа дүрс тоогоор нь устган сүйтгэж арилгахаар санахгүй санаж, хэлшгүй хийшгүй бүхэнг үйлддэг гэнэм
Тэгэвч зөв нь ялж буруун засарч, муу нь арилж сайн нь үлддэг замбуулингын ёсоор
Тэрхүү ах дүү 6-н баатар олны хүч оломгүй далайг мэдрүүлэн түмнийг хүчийг хурааж
Тэрслүү хорлүү бүхэнг устган харах бараа үзэх мөргүй болгохоор шийдэн
Тахь Хулан Хавтгай Мазаалай Хар сүүлт Бөхөн гэсэн холбоо үүтгэж
*ЖиЖи-6* гэх говийн гайхамшигт хамгаалчдаа нэгтгэжээ
Зиа хүүхдүүд минь өнөөдрийн үлгэр энд хүрээд өндөрлөлөө, дараа сүүлд 6-н баатруудын 6н хүүхдүүд тэдний өхөөрдөм түүх тэмцлийг сонирхож
Захгүй говийнхоо нууцад улам нэвтэрч ногоон дэлхийнхээ ном ёсыг таньж сайн хүмүүс болж өсөн бойжоорой, АМЖИЛТ.
Говийн ҮҮЛэн домог
Эрт нэгэн цагт юм гэнэ лээ
Элсний оронд далай цалгиж байсан үе гэнэ лээ
Элбэрэл хайран дунд нэгэн хан хүү
Эрх дураараа ч ухаалаг нэгэн болж бойжиж байв гэнэ
Шүрэн эрдэнээр тоглож далайн хясаагаар наадан өссөөр
Шунхан улаан гал, цэлэлзэх усанд авташгүй баатар эр болж
Шаргалтах нар мэт гэрэлтсэн хурц харцтай
Шөрмөслөг хүдэр бие, саруул ухаантай жонон болж чаджээ
Ардаа айх аюулгүй, өмнөө түгших дайсангүй
Алс газарт чимээтэй, алив бүхэнд тустай
Ард олонтой ээлтэй, аав ээждээ түшигтэй
Ачлал сайт түүнд бүгд талархан баясаж, амаа олохгүй магтдаг байв гэнэ
Тэгтэл түүний суу алдар, амжилт нэрэнд атаархсан нэгэн муу сүг
Тарчлах олон дэм тус эрж хайлан уйлан хүлээж байна хэмээн
Түүнийг хууран нутгаас нь алс хойд зүгт явуулж
Тэр завсарт нь нутгийн цөлжүүлж, далайг нь ууршуулжээ
Ханхүү хойш зүгт явсаар хүйтэн мөсний оронд очтол
Хөөрхөн ч гунигтай цасан гүнж түүнийг тосоод, хуурагдсанг нь хэлж
Хорон илбэчин түүнийг мөн тэнд мөнх дөнгөлж орхисонг учирлажээ
Хурдан харьж нутаг зоноо авар гэж захиж, үүрд хүлээнэ гэж амлажээ
Жигүүрт бор мориороо сум шиг сүнгэнээд нум шиг чиврээд
Жад шиг мод, уулсын дээгүүр жаран хоромд буцаж ирвээс
Жаргалтай нутаг ус нь үгүйрч хоосрон, газрынхаа гүн рүү шурган нуугдаж
“Жир бус хүн биш бол танишгүй, жигтэйхэн өөр орон болж угтжээ
Тэгмэгц атаат муу сүг, аймшигт хорон дайсанг олж дарталаа
Төрсөн биеэрээ үзэгдэхгүй, түмэнд өөрийгөө ахиж таниулахгүй гээд
Тооноор гарах утаа уур мэт уусаж нисээд 77н шидээ хэрэглэн
Тэртээ дээгүүр зөөлхөн нүүх ҮҮЛ болон хувирсан юм гэнээ
Мяралзах зэрэглээн дунд хааяа хөрсөн доорхи хаант улсаа тольдоод
Мянган галвын чинадыг сануулж гандирсын хотоо заримдаа үзүүлж
Мянган мянган элсэн ширхэгт нууцаа үүцлэн оёж шаштирлаад
Маргаашын төлөө өнөөдрөө чандлагч ҮҮЛЭН САХИУС болсон юм гэнэ лээ
Ингээд жигүүрт бор морио хүчирхэг угалз болгон нуучаад хүлэглэж ирдэг говийн үүл
Их ширүүхэн яарахдаа тэнгэр газрыг нийлүүлж харанхуйлтал нүүгэлтэн нууцхан морилоод
Ижий аав нутгаа санасан даа, бороо болж асгаран уйлж оровч дороо татарч
Ирж буцахдаа гомдолтойхон дуслаад өнгөрдөг номтой болсон юм гэнэ лээ
Хойд далайд хүлээх цасан гүнждээ хоргоддог болоод ч тэрүү
Хаа нэгтээ айлчилж их ховор ирдэг үүлэн ханхүү, тийн хоёр тийш яарч
Хөврөх зузаан үүл болтлоо тогтож амжихгүй, сэмэрч нимгэрээд аяншиж ядраад
Хүслэн болсон нутагтаа тааваараа байж чаддаггүй юм гэнэ лээ
Зиа домог үлгэр энд хүрээд жаргав
Зөв сайн сонсож сураглаад, зөндөө үлгэр ярьж байгаарай хүүхдүүд дээ
Үлгэрт сурах юм их бий
Үлгэрээс сонсох нууц олон бий
Үргэлж цугтаа, хэзээд хамтдаа байх зам тэнд буй!!!
Үүлэн ХАНХҮҮ
Армаг тармаг ч хөрсөндөө нуугдсан гандирсын хот
Ангамал улайсмал ч ширхэг бүхнээ шаштирласан нууцын өлгий
Атаа тэмээ, аргал угалз хулан тахь, мазаалайн гэр
Алтан шаргал говийн эзэн сэмжин цагаан үүлс
ГОВИЙН ХАНХҮҮ
Цасан дагинаа үгүйлэн яарах өөвөн цөөвөн говийн үүлэн ханхүү дээ
Цалгих тэнгисээ санан зүүдлэх зэрэглээт говийн гялбам цагаан залуу жонон доо
Цахилах аянга, угалзрах салхин хүлэгтэй говийн үүл нь баатар эр дээ
Цаг цагийн уртад яаравч аажууран хурлах үүлэн говийн шидтэй залуу даа
Comments
Post a Comment