Сонгуулийн далд Сүлжээ учиг холбоос
X ТОЙРОГ: Ц.ЭЛБЭГДОРЖ, З.ЭНХБОЛД, ЛУ.ГАНТӨМӨРИЙН “ТАВИУЛ”-УУДААР ТОЛГОЙЛУУЛСАН АН-ЫН ГОРИЛОГЧИД
Б. ЦОГТБАЯР:
УЛС ТӨР- НАМ, ХӨДӨЛГӨӨНИЙ АМЬДРАЛ
2024-04-26
Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан “Сонгууль-2024”
булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр
дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид Сүхбаатар,
Чингэлтэй буюу X тойрогт МАН-аас горилогчдыг танилцуулсан. Энэ удаад АН-ын 10
гаруй горилогчоос ардаа ахтай, бэлтэй, мандат халааслах хамгийн магадлалтай
таван горилогчийг танилцуулж байна.
З.ЭНХБОЛДЫН “БОЙЖУУЛСАН” И.МӨНХЖАРГАЛ
АН-ын дэд дарга Ишжамцын
Мөнхжаргал- Өвөрхангай аймгийн уугуул. ШУТИС-ийг төгсөөд, нутагтаа
очиж 2004-2014 онд “Арвайхээр чөлөөт суваг” телевизийн гүйцэтгэх захирлаар 10
жил ажилласан. Түүх сөхвөл, З.Энхболд 2004 онд Өвөрхангай аймгаас УИХ-ын
гишүүнээр анх удаа сонгогдсон. Тухайн үед З.Энхболд Өвөрхангайд өөрийгөө
сурталчилж байхын тулд “Арвайхээр чөлөөт суваг” телевизийг үүсгэн байгуулж,
И.Мөнхжаргалаар ийнхүү 10 жил удирдуулсан байдаг. Харин одоо “Арвайхээр чөлөөт
суваг” телевизийг З.Энхболдын “цэрэг”-үүдийн нэг, Өвөрхангайд 2016, 2020
онуудад нэр дэвшээд унасан, ирэх сонгуульд дахин горилж буй О.Алтангэрэлийн ээж
Ж.Оюунсайхан эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь О.Алтангэрэлийн 10 жилийн ангийн
найз Г.Цогбаяр ажиллаж буй.
Цаашилбал, И.Мөнхжаргал 2012-2016 онд Өвөхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
Өвөрхангай аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Улмаар 2016 оны сонгуулын
дараа хотод орж ирж, 2017 оноос АН-ын Дотоод сонгуулийн хорооны дэд дарга,
даргаар ажиллаж байгаад 2022 онд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, 2023
онд АН-ын дэд дарга болж дэвшсэн намтартай.
Бизнесийн тухайд,
- И.Мөнхжаргалын “Бат
энх хүү” ХХК нь төрийн 11 тендерт оролсон. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 8-р
хорооны 150 хүүхдийн цэцэрлэгийг И.Мөнхжаргалын “Бат энх хүү” ХХК нь төсвийн
1.2 тэрбум төгрөгөөр барьжээ.
- И.Мөнхжаргал нь 2019
онд “Хос карбон” ХХК-ийг З.Энхболдын найз Ш.Батдэлгэр, Ж.Даваасүрэн,
З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хадам дүү В.Ганцолмон нартай хамтран
үүсгэн байгуулсан. Улмаар “Хос карбон” ХХК-аар “Эрдэнэс тавантолгой” ХХК-аас
Хятадын Ганц мод боомт хүртэл нүүрс зөөж эхэлсэн.
- И.Мөнхжаргал
2019 онд “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг мөн л З.Энхболдын найз Ш.Батдэлгэр,
З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын хадам дүү В.Ганцолмон нартай хамтран
үүсгэн байгуулсан. Улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК-аар “Эрдэнэс тавантолгой”
ХК-аас Говьсүмбэр аймгийн Чойрт байх З.Энхболдын гэгддэг “Страто” ХХК-ийн Нүүрс
угаах үйлдвэр хүртэл нүүрс зөөж эхэлсэн. Ноцтой нь, З.Энхболд тухайн үеийн
ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалантай хуйвалдаж, “Эрдэнэс тавантолгой” ХК болон
“Страто” ХХК-ийг холбосон Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замыг “Их дэлгэмэл
ингүүн” ХХК-д нүүрс зөөх зориулалтаар эзэмшүүлсэн асуудлаараа өнгөрсөн онд
яллагдагчаар татагдсан. Улмаар өнгөрсөн гуравдугаар сард шүүхээс З.Энхболд,
Б.Энх-Амгалан хоёрт тус бүр 40 сая төгрөгөөр торгуулах, төрд ажиллах эрхээ
таван жилээр хасах ял оноосон.
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “БОЙЖУУЛСАН” Б.ХУРЦ
ТЕГ-ын дарга асан, АН-ын даргын
зөвлөх Батын Хурц- Түүний аав Д.Бат Увс аймгийн Зүүнговь сумын уугуул. Архитектор
мэргэжилтэй, Ардчиллаас өмнө Барилга-архитектурын улсын комиссын нарийн бичгийн
дарга, Улсын барилгын зургийн төв институтийн захирлаар тус тус ажиллаж байсан.
Тиймдээ ч Б.Хурц анх барилгачин болохоор Эрхүүгийн Барилгын техникумыг төгсөж
байв. Гэвч 2000 онд тагнуулж болж, тэр цагаас түүний түүх тэс өөрөөр бичигдсэн.
Гэхдээ Ц.Элбэгдоржоор эхлээд, Ц.Элбэгдоржоор үргэлжилж, Ц.Элбэгдоржоор төгсөх
намтар, түүхүүд нь хэвлэлээр бичигдсээр улиг болчихсон тул нуршихгүй орхиё.
Харин цоо шинэ баримтууд сонирхолтой байх болов уу.
1. Б.Хурцын аав
Дашын Бат нь “Тээлийн шонхор” ХХК, “Гермес гахиур” ХХК-ийг 2008 онд байгуулж,
Зинамидэрийн Энх-Амартай гэгчтэй хамтран эзэмшиж ирсэн. Гэхдээ Д.Бат 2022 онд
өөд болж, өдгөө “Тээлийн шонхор” ХХК-ийг Зинамидэрийн Энх-амар, “Гермес гахиур”
ХХК-ийг Б.Хурцын хүү Х.Тайван эзэмшиж буй. Сонирхуулахад, З.Энх-Амар гэгч нь
Т.Бадамжунайтай нэг сумынх буюу Архангай аймгийн Чулуут сумын уугуул, тэр бүү
хэл хамаатан нь гэх мэдээлэл байна. Б.Хурц, Т.Бадамжунай архины ширээний ардах
халамцуу бичлэг сошиалд цацагдаж байсныг санаж буй байх. Өөрөөр хэлбэл,
Т.Бадамжунай, Б.Хурц хоёрыг холбодог нэг гүүр нь З.Энх-Амар гэгч гэсэн үг. Мөн
З.Энх-Амар нь Б.Хурцыг Ц.Элбэгдоржтой ч холбоно. Жишээ нь, З.Энх-Амар нь УИХ-ын
гишүүн Ц.Сэргэлэнгийн төрсөн ах Ц.Дашнямтай “Дорнын дэс” ХХК-ийг 2009 оноос
хойш хамтран эзэмшиж байгаа. Харин Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болмогцоо
Ц.Сэргэлэнг Хил хамгаалах ерөнхий газрын дарга бөгөөд Хилийн цэргийн
командлагчаар томилж байлаа. Харин Ц.Сэргэлэн 2013 онд ХХЕГ-ын даргын ажлаа
өгчихөөд газрын тосны “Импайргаз монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар гурван
жил ажилласан. “Импайргаз монголиа” ХХК-ийн эзэмшигч нь Ц.Элбэгдоржийн дотнын
найз “Хар” хочит Б.Отгонбаатар. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед “Хар” хочит
Б.Отгонбаатар нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэн шахуу байсан гэгддэг. Гэх мэтээр
утасны үзүүр хөвөрнө.
Цааш хөөвөл, Б.Хурцын
хүү Х.Тайваны “Гермес гахиур” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутагт
байх МV-012414 дугаартай Билүүтийн шохойн чулууны ордыг эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, Х.Тайваны
“Гермес гахиур” ХХК болон З.Энх-Амарын “Тээлийн шонхор” ХХК нь 2011 онд УИХ-ын
гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн “Интергрупп
интернэйшнл” ХХК хамтран Билүүтийн орд дээрээ жилд 240 мянган тонн цемент
үйлдвэрлэх хүчин чадалтай “Цементийн үйлдвэр”-ийн төслийг эхлүүлсэн байгаа юм.
Улмаар 2014 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус “Цементийн үйлдвэр”-ийн барилга
угсралтын ажилтай очиж танилцаж байсан баримт бий.
Тэгвэл
Б.Хурц Л.Энх-Амгалан хоёр хамтарч “Цементийн үйлдвэр” барих хүртлээ дотноссон
шалтгааныг хөөвөл хоёр сэжүүр гарч ирнэ. Нэгдүгээрт, Б.Хурц УИХ-ын гишүүн асан
Л.Элдэв-Очиртой худ, Л.Элдэв-Очир УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай 1996 оноос хойш
“М Си Эс”-ыг босголцсон хувь, хувьсгалын найз гэдгээр энэхүү “Цементийн
үйлдвэр”-т хамтарсан байж болно. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хадам
аав Намжилцэрэнгийн Даш-Өлзийтэйгөө “Өлзийт төв” ХХК-ийг хамтран эзэмшдэг.
Харин хадам аав Н.Даш-Өлзий нь 2009 онд Даваадоржийн Энэрэл гэгчтэй “Эм Би Эм
Си” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан байдаг. Тэгвэл Б.Хурцын төрсөн эгч
Б.Болорын хүүг Даваадоржийн Энэрэл гэдэг. Д.Энэрэлийн аав Х.Даваадорж нь
Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайд байх үед анх Польш, Бельгийн Элчин сайдын
яамдаар дамжин ажиллаж байсан. Дараа нь, Т.Бадамжунайг 2008-2012 онд ХХААХҮ-ийн
сайд байх үед Зөвлөхөөр нь ажиллаж байсан. Улмаар 2012 онд Ц.Элбэгдоржийн
дэмжлэгээр Бельгийн Вант улс болон Европын холбоонд хавсран суух Онц бөгөөд
бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод явсан байдаг. 2017 оны хавар, Ц.Элбэгдорж
Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнөхөн Ц.Мөнх-Оргилд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
цол, Х.Даваадоржид Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол тус тус олгож байв. Сүүлд,
2020 онд Төв аймгийн шүүхэд Б.Хурцын хэргийг хэлэлцэх үед Х.Даваадорж хүргэн
ахын хувиар шүүхийн гадаа зогсож байсан. Тэгэхээр Ц.Мөнх-Оргилын хадам аавтай
“Эм Би Эм Си” ХХК-ийг эзэмшдэг Д.Энэрэл, Б.Хурцын төрсөн эгчийн хүү Д.Энэрэл
хоёр нэг хүн бол цаашаа бүр урт сүлжээ гарч ирнэ. Дээр дурдсан Ц.Элбэгдоржийн
найз “Хар” хочит Б.Отгонбаатарыг баривчлах үед өрөөнд нь Ц.Мөнх-Оргил байсан
гэж шуугиж байлаа. Мөн Ц.Мөнх-Оргилыг Т.Бадамжунайтай “Эрдэнэт” дээр тун сайн
хоршиж байсан гэх яриа ч бий. Ямартай ч, Ц.Мөнх-Оргил, Б.Хурц хоёрт холбогдох энэ
мэт олон сэжүүр гарч ирнэ. Гол асуудал нь, Ц.Мөнх-Оргил “М Си Эс”-ын
Ж.Оджаргалтай 10 жилийн нэг ангийн, цэргийн нэг салааны, их сургуулийн ангийн
найз. Харин Ж.Оджаргал Л.Энх-Амгалан хоёрын нөхөрлөлийг нурших илүүц байх.
Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан Б.Хурцтай “Цементийн үйлдвэр” барих хүртлээ
дотноссон хоёрдугаар сэжүүр бол энэ.
2. Б.Хурцын эхнэр
Ү.Сарнаа нь “Гранд степп” ХХК-ийг “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Нэйшнл ньюс
корпорэйшн” ХХК-тай хамтран эзэмшдэг. Сахал” Д.Эрдэнэбилэг нь Ерөнхий прокурор
Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатартай “Империалс майнинг корпорэйшн” ХХК-ийг
хамтран эзэмшдэг. Мөн Д.Баатар “Сахал” Д.Эрдэнэбилэгийн “Монголиан нэшнл коал
корпорэйшн” ХХК, “Бэйзментр инженеринг” ХХК, “Баюуд майнинг” ХХК-уудынх нь
Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Эхэнд дурдсанчлан, Д.Дорлигжав Увсын Зүүнговь
сумынх, Б.Хурцын аав нь Увсын Зүүнговь сумынх. Цаашаа хөөвөл, Д.Дорлигжавын дүү
Д.Баатар нь Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарын хүү
Б.Батболдтой “Глобал аппарел лимитед” ХХК-ийг хамтран эзэмшдэг гээд өнөөх
Ц.Элбэгдорж дээр хөтөлж очно. Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хоёрын он цагийг элээсэн
нөхөрлөлийг нурших илүүц биз.
3. Б.Хурцын “Изинис
Эйрвэйс” ХХК-ийн 50 хувийг, “Сарнайх” ХХК-ийнх нь 34 хувийг Тулгын Эрдэнэ гэх
залуу эзэмшдэг. Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатных нь дүү нь. Харин Т.Эрдэнийн аав
нь Нархүүгийн Тулга гэж хүн бий. Н.Тулга нь 2012 онд Их Британи, Умард Ирландын
Нэгдсэн Вант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод явсан.
Тухайн үед Н.Тулгын мөн л Ц.Элбэгдорж зүтгүүлсэн гэдэг. Улмаар 2017 онд
Н.Тулгын бүрэн эрхийнх нь хугацаа дуусаж, оронд нь Ерөнхий сайд асан С.Баярыг
томилогдсон. Гэсэн ч С.Баярыг жил ч болголгүй Элчин сайдаас эргүүлэн татаж,
2018 онд М.Энхболд Н.Тулгыг дахиад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант
Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон байдаг.
4. Б.Хурцын эхнэр
Ү.Сарнаа нь “Грийн вижитал” ХХК-ийг Мягмарын Есөнмөнхтэй хамтран эзэмшиж ирсэн.
“Номадс” сүлжээ ресторануудын эзэн гэдгээрээ эчнээ танигдсан М.Есөнмөнх нь
Сангийн сайд асан С.Баярцогтын багийн найз, бизнесийн хамтрагч нь. Тиймдээ ч
С.Баярцогтыг Оюу толгойн хэргээр баривчлагдаж шүүгдэх үед М.Есөнмөнх хам
хэрэгтнээр холбогдсон. Учир нь, НПГ-ын яллах дүгнэлтэд С.Баярцогтыг өөрийн
эхнэр Ч.Нарантуяа, найз М.Есөнмөнх нарынхаа нэр дээр “Кью эф эс” ХХК-ийг байгуулж,
дараа нь “Номадс катеринг энд интегратэд сервисэс” ХХК болгож нэрийг нь өөрчлөн
“Оюу толгой” компанийн ажилчдын хоолыг хариуцах гэрээ байгуулж нийт 63.9
тэрбум төгрөг завшсан гэж буруутгасан байдаг.
Э.БАТ-ҮҮЛИЙН “БОЙЖУУЛСАН” Ц.БААТАРХҮҮ
НИТХ-ын төлөөлөгч асан Цэндийн
Баатархүү- Хэнтий аймгийн Биндэр сумын уугуул. Өөрөөр хэлбэл, Э.Бат-Үүлийн
аавтай нэг сумынх. Тиймдээ ч Ц.Баатархүү 2004 онд Хан-Уул дээд сургуулийг
төгсөөд, 2005-2006 онд буюу Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед Засгийн газрын
Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж төрд орж ирсэн. Улмаар 2012 онд НИТХ-ы
төлөөлөгч болж, Хотын дарга Э.Бат-Үүлийн орлогчоор томилогдон нэг жил
ажилласан. 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр томилогдсон. Дараа нь,
2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр улиран сонгогдож, АН-ын бүлгийн даргаар
ажилласан. Учир нь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-үүл, харин дэд дарга нь
Ц.Баатархүү байв. Улмаар 2020 оны хавар Ц.Баатархүүг АН-ын генсек болгож,
УИХ-ын сонгуульд Чингэлтэйд нэр дэвшүүлсэн ч унасан. Өнгөрөгч 2023 онд
Нийслэлийн АН-ын даргын сунгаанд Э.Бат-Үүл Ц.Баатархүүг зүтгүүлсэн ч
Х.Баттулгын зүтгүүлсэн Т.Батцогт өрссөн. Товчхондоо, Ц.Баатархүү өнгөрсөн 20
жил нутгийн ах Э.Бат-Үүлийнхээ, басхүү түүний найз Ц.Элбэгдоржийн хооронд
“тэлээ хурга” шиг явж ирсэн нэгэн.
ЛУ.ГАНТӨМӨРИЙН “БОЙЖУУЛСАН”
Д.БАДАРСАН
НИТХ-ын төлөөлөгч Даваасүрэнгийн
Бадарсан- Удам судрыг нь хөөвөл, Өвөрхангайн Богдын уугуул, Улаанбаатарт
төрж, өссөн. Аав С.Даваасүрэн нь АН-ын анхдагчдын нэг бөгөөд Сүхбаатар дүүргийн
АН-ын хорооны дарга, мөн тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.
Тиймдээ ч Д.Бадарсан 18 настайдаа ааваасаа “хөтлөн” АН-д элсэж, улмаар 2012
НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, СБД-ийн Засаг даргаар дөрвөн жил ажилласан.
Ингээд 2016, 2020 онуудад НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр улирсан. Д.Бадарсангийн
төрсөн дүү Д.Энхтөр нь ч мөн АН-ынх бөгөөд 2016-2020 онд СБД-ийн ИТХ-ын
төлөөлөгчөөр ажиллаж байсан.
Улс
төрийн дэмжлэгийн тухайд, АН-ын дарга Лу.Гантөмөр 2004 оноос хойш СБД-ээс
УИХ-ын гишүүнээр гурав сонгогдсон. Харин Б.Бадарсан дээр дурдсанчлан 2005 оноос
хойш СБД-ийн АН-ын хорооны гишүүн, 2009 оноос СБД-ийн АН-ын хорооны дэд даргаар
ажиллаж, Лу.Гантөмөртэй хамгийн ойр байсан хүн. Тиймдээ ч 2012 онд төрд
ажилласан туршлага, намтар юу ч үгүй Д.Бадарсан СБД-ийн Засаг дарга болж байсан
түүхтэй. Мөн Лу.Гантөмөр өөрөө Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшихээр
яригдаж байсан ч өдгөө тус тойрогт горилогчдыг Д.Бадарсан ахалж буй. Тэгэхээр
Лу.Гантөмөрийн дэмжлэгтэй нь тодорхой харагдаж буй биз.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 12 ЖИЛ УДИРДАЖ
БУЙ ХАМГИЙН БАЯН ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА
СБД-ийн Засаг дарга Хөххүүгийн
Болормаа- Уг нь анх “Улаанбаатар” рестораны зохион байгуулагч байсан.
Дараа нь “Гүег” ХХК-ийг байгуулж, бизнест орсон. Улмаар 2012-2016 онд Сүхбаатар
дүүргийн Засаг дарга Д.Бадарсангийн орлогчоор дөрвөн жил ажилласан. Ингээд 2016
оноос хойш СБД-ийн Засаг даргаар найм дахь жилдээ ажиллаж буй.
Х.Болормаа хөрөнгөөрөө аймаг, дүүргийн Засаг дарга нарыг тэргүүлдэг.
Хамгийн сүүлийн буюу 2022 оны ХОМ-тээ 1.8 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц,
414 сая төгрөгийн хоёр жийп, 580 сая төгрөгийн үнэт эдлэл, 200 сая төгрөгийн
хадгаламж, 320 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байдаг. 2012 оноос хойш
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор дөрвөн жил, Засаг даргаар найман жил,
нийт 12 жил тухлахдаа хөлжиж, хөрөнгөжсөн түүх нь өнөөх л тендертэй холбогдоно.
Тодруулбал, Х.Болормаагийн “Эй Би Жи Энерго” ХХК нь эрчим хүчний салбарын
төрийн тендерүүдэд оролцож шалгардаг бөгөөд томоос нь дурдвал, Дархан-Уул
аймагт дэд станц өргөтгөх 4.0 тэрбумын тендер, Нийслэлийн гэр хорооллын
цахилгаан шугам сүлжээг шинэчлэх 24.6 тэрбум төгрөгийн тендерийн 1.2 тэрбум
төгрөгийн багц, Баянхошууны дэд станцыг өргөтгөх 1.7 тэрбум төгрөгийн тендерт
зэрэгт шалгарсан байсан тендерийн түүхтэй.
Comments
Post a Comment