Хуйвалдаан1
х уг нь ингэж эхэлсэн юм билээ. Их ч эрт эхэлсэн байна.
С.Баяр анхнаасаа “Оюу толгойн” гэрээг батлах зорилгоор л намын дарга улмаар Ерөнхий сайд болсон байв. Болсон ч гэж болгосон байв. “Мавр хийдгээ хийлээ,мавр явж болно”. Тиймээс эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа Сү.Батболдод өгөөд бултав. Гэхдээ МАН дахь Н.Багабандийн бүлэглэл хамгийн хүчирхэг санхүүгийн бүлэглэл болсон.
Өнөөгийн “Оюу толгой” компанийн ТУЗ-ын дарга Галсангийн Батсүх гэж Ховдын Үенчийн нөхөр бий. Тэр “цаад талаасаа томилогдсон манай хүн” л дээ. Тэрбээр Одессийн багшийн сургуулийн англи хэлний ангид сурч байхдаа тус хот дахь Монгол оюутны зөвлөлийн нарийн бичгийн дарга байжээ. Дарга нь Одессийн Хүнсний технологийн сургуулийн ахмад оюутан Н.Багабанди. Шилжилтийн хүнд бэрх жилүүдэд Г.Батсүх дипломатын ажлаа хаяад Халимаг Басантай хамт барилгын бизнес хийхээр АНУ-ын Нью-Жерсид суурьшжээ. Яваандаа мань хүн Басангаа хулхидаж компанийг нь өөрийн болгож аваад байжээ. Басан уурлаад компаниа хаяад явж. Бизнес нь ч уруудаж эхэлжээ.
Яг тэр үед Монгол Улс гэнэтхэн Канадад ЭСЯ нээх болоход ядарч явсан Г.Батсүх тэндээсээ Элчин сайдаар томилогдож од нь гийжээ. Г.Батсүх элчин болоод “Айвенхоу майнз”-ын “Оюу толгойн төслийг урагшлуулахад их ч тус нэмэр болсон доо. Монголд “Ашигт малтмалын хууль” өөрчлөх болохоор л Канадын парламент үймж бужигнаад бүлэг бүлгээрээ Монголд десант буулгадаг нь мэдээлэл сайтай байсных. Ямар боловч ашигт малтмалын хууль ч Канадуудад таатай гарч, гэрээ ч байгуулагдах янзтай болоод ирж. Тэгмэгц Н.Багабади Г.Батсүхийгээ татаж Бээжинд элчингээр томилжээ. Энэ удаад “Оюу толгой” төслийн дараахь борлуулалтын асуудлыг шийдвэрлэхэд тэр хэрэгтэй байлаа.
Харин энэ зуур Монголчууд Н.Энхбаяр л Р.Фрийдландтай сүжрээд байна гэж хардаж байлаа. Учир нь Н.Энхбаяр Оросын их өрийг тэглэхийн тулд шийдэмгий хөдлөж Р.Фрийдландаас Ц.Мөнх-Оргилоор дамжуулан 250 сая ам.доллар нэг жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй зээлж авсан байв.
Уг нь гэрээг 2008 оны сонгуулиас өмнө, С.Баяр М.Энхболдоос намын даргыг авмагцаа Ерөнхий сайд болоод батлачихаар байсан авч яг тэр үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр тэс хөндлөн зөрөөд хэвтчихжээ. “51 хувийг Монголд өг. Ийм нөхцөлд л гэрээ байгуулна” гэжээ. Хэрэв Н.Энхбаяр Р.Фрийдландын барьцаанд орсон бол ингэж хэлж чадахгүй байсан. Гэрээ байгуулах хугацаа хойшлов.
Н.Энхбаярыг байхад гэрээ явахгүй нь тодорхой болмогц Н.Багабандийн бүлэг Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлээд унагажээ. Н.Энхбаярын унасан шалтгааныг мэддэггүй хүмүүс Н.Энхбаяр л С.Баярыг ажилласангүй гэж хий хардаж байна гэж боддог юм билээ. Үнэндээ бол ажиллаагүйгээр барахгүй унагах ажлыг сайтар төлөвлөсөн байв.
7 дугаар сарын 1-ны хэрэг явдлын дараа С.Баяр нөхцөл байдлыг тооцож үзээд АН-тай хамтарсан Засгийн газар байгуулахаар шийджээ. Ингэхдээ Ц.Нямдоржийг ХЗДХ-ийн сайдаар томилсон нь алсын зорилготой байжээ. Хэрэв Н.Энхбаяр намын удирдлагыг аваад байсан бүлэглэлтэй мөчөөрхөн тэмцвэл түүнийг зуудаг нохой болгон ашиглах ёстой байжээ. Ц.Мөнх-Оргил 7 сарын 1-ны хэрэг явдлын золио болоод дуусав. Уг нь Харвардад төгссөн коммунистууд дундаа боловсролтой гэгддэг ч Ц.Нямдоржийн нөлөөнөөс гарч чадахгүй явсаар карьертаа цэг тавьжээ. Нөгөө талаас Ц.Нямдоржийг давж Н.Энхбаяртай сүжрээд байна гэж хардагдаад байв.
С.Баярын АН-тай хамтрах гол шалтгаан нь “Оюу толгойн” гэрээг батлахад ямарваа саадгүй болоход байв. Тэр үеийн МАХН яагаад 45 суудалтай атлаа ийм шийдвэрийг дэмжив гэдгийг хэн ч тооцож үзээгүй, үнэндээ бол Н.Багабандийн бүлэглэл гол ажлыг нугалжээ. М.Энхболдын хотын бүлгийг гарцаагүй барьцаанд оруулаад байв. Н.Энхбаяр ба М.Энхболдын хоорондын холбоог тасласнаар С.Баяр намдаа хязгааргүй эрх мэдэл эдлэх болов, ингэхийн тулд М.Энхболдыг шадар сайдаар урхидахад л болох байв. Н.Энхбаярт болохоор М.Энхболд түүнтэй арцалдаж байна гэсэн ойлголтыг хэлээр болон хэвлэлээр дамжуулан сайтарсуулгаж өгсөн тэр цагаас М.Энхболд, Н.Энхбаяр хоёр хоюул намда адлагдаж эхэлсэн билээ.
Дараа нь М.Энхболдыг хотын бүлэглэлээс нь салгах давхар санаа байсан юм. С.Баяр Ерөнхий сайд болмогцоо шадар сайдын буурь хотын даргын суудлаас Ц.Батбаярыг унагахаар зүтгэв. Оронд нь Н.Энхбаярыг дөнгөж намын дарга болсны дараа нарийн бичгийн дарга болоод жилийн дараа Бээжинд “цөлөгдсөн” гэгддэгДарханы Л.Амарсанааг зүтгүүлж үзсэн авч бүтээгүй, гэхдээ л алсдаа өөрийн бүлэглэлийн Г.Мөнхбаяр хэмээх инженер залууг хотын дарга болгож дөнгөсөн. Гэхдээ үүний өмнө Т.Билэгтийг хавчуулахаа мартаагүй юм. Алсдаа М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Н.Энхбаяр нарыг нэг хэрэгт холбон түлхэхэд амархан явчих учраас тэр.
С.Баярыг ямар ч баггүй, ёстой л бор зүрх, нэр хүндээрээ явж байна гэсэн ойлголтыг олон нийтэд тун чадамгүй төрүүлж байсан юм. Н.Багабандийн бүлэглэл устсан, тийм юм байхгүй гэсэн ойлголт нийгэмд байсан авч үнэндээ бодит байдалд шал ондоо байлаа. Ийм нөхцөлд хэрэв С.Баяр дангаараа Засгийн газар байгуулсан бол намын дотоод тэмцэлд тамирдаж, АН-ын шахаанд ороод балрах байсан юм. Тэр ч байтугай Л.Амарсанаагийн үед Бээжинд консул байсан Ч.Амарболд генерал 7 дугаар сарын 1-ны хэрэг явдалд бүсэлхийгээ тултал шигдээд байсан. Бүгд тэднийг эсэргүүцээд эхэлбэл балрах байв. Өөрөөр хэлбэл 7 дугаар сарын 1-ны хэрэг явдал бол “Оюу толгой”-н гэрээг батлах эрх олж авахын тулд хийсэн яахаас ч буцахгүй хүмүүсийн үйлдэл байв. Яахаас ч буцахгүйн бас нэг баталгаа нь С.Баяр намаа сонгуульд ялуулахын тулд 1,5 сая төгрөгийг иргэн бүрт өгөх амлалт байлаа.
Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд унагасныхаа дараа Ц.Элбэгдоржийн тойрогт нөхөн сонгуульд нэр дэвшүүлээгүй нь хэрэв Н.Энхбаяр парламентад ороод ирвэл намынхаа гишүүдийг зохион байгуулаад “Оюу толгой”-н гэрээг унагачихаж чадахад байв. Тиймээс Н.Энхбаярын оронд мөн л С.Баяртай ойр Д.Зоригтыг нэр дэвшүүлж парламентад оруулаад “Оюу толгой”-н гэрээг байгуулах гол этгээдээр томилсон билээ.
Ийнхүү бэлтгэл хангагдаж, “Оюу толгой”-н гэрээ ч батлагдсан агаад хожим барьцаанд орохгүйн тулд АН-ын С.Баярцогт, Л.Гансүх нарыг ч “кукла” болгов. С.Баярцогт гэрээг байгуулсныхаа төлөө 250 саяын 3 хувийн хүүг насан туршдаа авах, бас дээр нь “Оюу толгой” төслийн ажилчдын хүнсийг нийлүүлэх гэрээг авах болжээ. Уг нь гэрээг байгуулагдахаас өмнө энэ 250 сая долларын урьдчилгаа ямар ч хүүгүй байсан юм. Гэрээний явцад хүүтэй болсон ба Монголын Засгийн газар энэ мөнгийг төлж дуустал хүү бодогдоно. Хамгийн хүнд асуудал бол усны асуудал байсан агаад түүнийг шийдүүлэхийн тулд Байгаль орчны сайдын 22 тоот тушаал гаргаж, түүндээ үндэслэж говийн гүний усыг үнэ төлбөргүй ашиглуулахаар гэрээнд тусгаж тус болжээ.
Усны судалгааг Монгол эрдэмтэд хийсэн, тэд говийн усыг ашиглаж болохгүй, цөлжих аюултай гэж тооцжээ. Тэднийг Америкийн усны шинжээчээр сольсон ба Монголчуудын аз ч юм уу нөгөөх нь мэргэжилдээ үнэнч хүн таарчээ. Тэрээр “Говийн гүний ус бол говийг цөл болголгүй тогтоож байгаа тун чухал хүчин зүйл юм байна. Гүний ус газрын гадаргууг халаасан нарны үйлчлэлээр хөрсөнд нэвшсэнээр говь цөлжилхгүй тэсч байна. Хэрэв гүний усыг ховх сорвол танай говь элчилгүй цөл болно” гэж хэлжээ. Мэдээж усны мэргэжилтэн нэртэй мөнгөний донтон олон болохоор америк мэргэжилтэнг дор нь сольж өөр нөхрөөр ус ашиглаж болно гэсэн дүгнэлт гаргуулж, манай БОЯ баталгаажуулжээ. “Оюу толгой”-н төслийн шударга бус байдлыг Н.Алтанхуягийн Засгийн газар сөхөж тавьсны дараа АНУ-ын Засгийн газраас Дэлхийн банкинд хандаж байгаль орчны үнэлгээ буруу хийсэн гэсэн шалтгаанаар 900 сая долларын санхүүжилт хийхийг зөвшөөрөхгүйгээ мэдэгдлээ.
Яг энэ асуудлын мөрөөр орсон сэтгүүлч А.Баатархуяг, одоо УИХ-ын гишүүн Г.Уянга нарыг шүүхэд өгөх шаардлагыг С.Баяр өөрөө биечлэн Л.Гансүхэд өгсөн байна. Үүний дараа ч АНАТХ-г байгуулан Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байсан Г.Уянгаагийн амь насанд халдах оролдлогыг зохион байгуулалтай хийсэн байж болзошгүй байдаг. Тэгэхэд ХЗДХ-ийн сайд нь Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга С.Баярын найз Р.Болд байсан. Хэргийг баллах ажлыг цагдаагийн хэвлэлийн албаны Сайнжаргал гардан хийсэн, тэр бас 7 дугаар сарын 1-ны хэрэг явдлын үеэр ийм халхавчийн үүрэг гүйцэтгэсэн билээ. Хэрэв гэрийг нь том жийпээр дайрсан өглөө нь цагдаагийнхан болон телевизийнхний хийсэн бичлэгийг үзвэл ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр “нөгөө солиот” нь “Уянгаа манай Отгонбилэгийг алсан, би одоо Уянгааг ална” гэж шүдээ хавирч байгааг харж болно.
Ш.Отгонбилэгийн “Зууны луйвар” нэвтрүүлгийг Г.Уянга хийсэн гэж андуурдаг ч үнэндээ тэр нэвтрүүлгийг одоо АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь хийсэн ба нэвтрүүлэг гарсны дараахан нөхөр нь машиндаа угаартаж нас барж, харин Ц.Оюундарь хоёр хүүхдээ аваад АНУ-д дүрвэн гараад эргэж ирээгүй байв. Хүний аминд хүрэх шахсан, гэрт өлсгөлөн зарлаж байсан олон хүнийг мөргөж дайрч гэмтээсэн тэр этгээд “мэдрэл муутай” нэрээр ялгүй мултарсан, одоо бидний дунд дараагийн золиосоо хайгаад алхаж байгаа биз.
Харин Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ямар хувь хүртсэн нь тодорхойгүй авч нийт хөрөнгийн хэмжээ нь 2,7тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэрээ байгуулсан сайд нар гэрээнд гарын үсэг зураад тэсэлгүй хамтдаа Сөүлийг зорьсон нь сэтгүүлчдийн хараанаас мултраагүй юм шүү.
Ийнхүү “Оюу толгой”-н гэрээ байгуулагдмагц гэрээг хянах бялуу хуваах ажил эхэлжээ. Бялууг ердөө л Н.Багабанди Ц.Элбэгдорж нар хуваажээ. ТУЗ-ын даргаар “Рио Тинто”-гийн саналаар Монгол хүн томилогдсон нь Г.Батсүх юм. Өнөөдөр Г.Батсүхийнх гэр бүлээрээ Бээжинд тансаг харшид суудаг агаад Оюу толгойн Бээжин дахь худалдааны төлөөлөгчийн газар бол энэ гэр бүл юм. Тэгээд Н.Багабанди, мөн С.Баярын хуучин баз “Инээмсэглэл” хамтлагийн Ч.Ганболд. Ц.Элбэгдоржийн талаас П.Цагаан. Бусад 5 нь англо-саксууд. Тус бүр сар бүр 40 мянган доллар аваад л сууцгааж байгаа ба УИХ гэрээний асуудлаар тодруулга авахаар дуудахад хүртэл ирдэггүй тийм л дархлагдсан эрхтэнгүүд.
Ийнхүү гэрээ ч байгуулагдаж, С.Баяр гэрээг байгуулах үүргээ гүйцэтгээд ажлаа өгөөд зугтжээ. Тэр ч байтугай 2012 оны сонгуульд ч нэр дэвшсэнгүй. Гэхдээ сонирхолтой нь С.Баяр Сү.Батболдыгоо намыхандаа биш АН-ын Баабарт ихэд санаа тавин захиж үлдээжээ. С.Баяр Ерөнхий сайд байхдаа орой “Их тэнгэрт” байх гэртээ харих замдаа Баабарынд ороод шөнийн 2 хүртэл ярьж суугаад гардаг байж. Баабар “Оюу толгой” төслийг батлуулах пиарыг хариуцаж байсан ба хожим С.Баярын “нууц зөвлөх” болсон юм. Дараа нь Баабар Сү.Батболдын зөвлөх болжээ. “Сү” нь Баабарын агууг мэдэхгүй тул жаахан дургүйг ньхүргэсэн байгаа юм. Баабар маргааш нь “Өдрийн сонин”-д хэвлүүлэх нийтлэлээ Сү.Батболдод мейлддэг ба өнөөх нь “Би Баабарын нийтлэлийг засаж байна” гэж сайрхаж, түүнийг ньтуслах нь дэвэн дэлхийгээр тарааж гай болсон шүү. Одоо очиж очиж Сү Баабарын нийтлэлийг засдаг болж байна уу?
МАН ба МАХН
2012 оны сонгууль дөхөж байлаа. МАН-ын судалгаанууд нэг л муу ёрлоод эхэлжээ. Судлаачид нь “Тэрэлжийн тунхаг” гэгчийг “согтуугийн логик”-оор гаргасныхаа горыг амсах нь гэж үглэнэ. Үнэндээ нэрээ сольсондоо ч биш, МАН-ын нэр хүнд өөрөө тун базаахгүй болоод байсан хэрэг. Нэр сольсноос намын нэр хүнд унасан гэдэг шалтаг болохоос шалтгаан биш байсан. С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулсныхаа дараа байдал нааштай эргэх болов уу гэж тооцсон нь буруу байжээ.
Тэр Сү.Батболдыг залгамжлагчаараа томилоход ямар нэгэн асуудал гарсангүй. Учир нь гол сөрөг хүчинтэйгээ хамтарчихсан бучраас. Нэгэн цагт Борис Ельцин В.Путиныг ингэж гаргаж ирсэн, В.Путин ч өвчинд баригдсан өвгөний орыг сайн залгасан атал Сү.Батболд тийм байж чадсангүй. С.Баярын “Орос дамар” намынх нь тархийг цоо бууджээ. Харизм муутай Сү.Батболд Засгийн газартайгаа зууралдаад намаа хөсөр орхисон ба эрх мэдлийг гартаа авсан У.Хүрэлсүх дураараа дургиж эхэлжээ. Н.Хүрэлсүх Н.Энхбаяртай мөчөөрхөн тэмцсэн учраас л намдаа нөлөөгөө тэлсэн байв.
Намын удирдагчаар намдаа удсан нэр хүндтэй нөлөөтэй хүн томилогдох ёстой гэсэн шалгуураар үзвэл У.Хүрэлсүх нь Н.Энхбаярын үед бие даагчдын эвслээр шантаажлан орж ирсэн Сү.Батболдын дэргэд толгой илүү байжээ. Эндбас нэг шалгуур анзаарагддаг юм. Хэн Н.Энхбаярыг дэвсэлж нулимана тэр илүү гэдэг. Ингээд Н.Энхбаярыг нулимах ажиллагаа намд бараг коммунист уралдаан маягтай болтлоо хавтгайрав.
Сонгуулийн гол хөзөр нь “мөнгөнд найдах” болж үлдэв. Сонгуульд ялахад гурван хүчин зүйл хэрэгтэй энэ бол “Мөнгө, мөнгө бас дахин мөнгө” гэсэн тактикаар явах болжээ. Ингэхийн тулд Ерөнхий сайд, намын дарга Сү.Батболд нэлээд зоримог шийдвэр гаргаж “Оюу толгой”-д хүч үзээд аз дутсан “Чалко”-гоос мөнгө босгох нууц хэлцэл явж байлаа. “Таван толгой”-н тендерийг будлиулан зогсоогоод “Чалко”-той нууц хэлэлцээр хийж яг “Оюу толгойн” гэрээний зарчмаар өгөх болжээ. Хамгийн гол нь 250 сая ам.долларын урьдчилгаа авах. Үүнтэй зэрэгцээд “Эрдэнэс таван толгойн” хувь заяа тодорхой болж байсан тул золионд хаях болов. Б.Энэбишийг дарамталж байгаад олон тэрбумындугуй шахжээ. “Эрдэнэс таван толгой”-гоор дамжуулж мөнгө босгох л сонин байснаас ирээдүй нь огт падлийгүй байсан юм. Гэвч энэ гэрээний “лоосуу” сонгуулийн дараахан ил болсон юм. Монгол Улс энэ гэрээнээс асар их алдагдал үзэх ньтодорхой болжээ. Ингээд “Чалко”-тай хийсэн гэрээг цуцлах асуудал босч ирэв. Гэтэл өөдөөс нь юу гэсэн гээч?
Манай “Чалко” гэрээгээ яг “Оюу толгой”-н гэрээний жишгээр хийсэн. Түүнээс бид илүү харж, билүү долоогоогүй. Хэрэв та нар манайтай хийсэн гэрээгээ шударга бус гэж үзэж байгаа бол “Рио тинто”-той байгуулсан гэрээ чинь ч бас шударга бус. Тиймээс хэрэв манайтай гэрээгээ цуцлах юм бол “Рио Тинто”-той ч бас гэрээгээ цуцлах ёстой, хэрэв ингэхгүй бол зөвхөн “Чалко”-г, өмнөд хөршөө боож байна ялгаварлаж байна гэж үзэхээс аргагүй гэжээ. Манайхан ч гэрээгээ өөрчлөнө гэж дайрсан өмнөд хөрш ч нүүрний импортоо хаасан. Н.Алтанхуяг мөчөөгөө өгөлгүй “Петрочайна-Дачин тамсаг”-ийн бүх татварын хөнгөлөлтийг үгүй хийжээ. Тайлбар нь Хятад нүүрс авахгүй байгаа учраас төсвийн хүндрэлээ давахын тулд ингэхээс аргагүй. Хариуд нь Хятадууд 2012 оны сүүлчийн улиралд кило нүүрс ч авалгүй боосоор л. Үүний улмаас 2011 онд 18 хувь хүрч байсан эдийн засгийн өсөлт 2012 онд 12 хувь болон буурчээ. “Чалко”-той гэрээ цуцалснаар хөрөнгө оруулалт ч буурч, Оюутолгойн гэрээг хянаснаар мөн ч хөрөнгө оруулалт буурчээ. Мэдээж энэ бүхэн С.Баяр ба түүнийг залгамжлагч Сү.Батболдын улсаа худалдсан гэрээний л гай.
Өөрөөр хэлбэл Сү.Батболд МАН-ыг ялуулахын тулд яг С.Баярын аргыг хэрэглэжээ. Гэвч нэг тактикаар хоёр ялдаггүй. Сонгуулийн дараа л гэрээний “но” илэрсэн бөгөөд Монголын тал тонн тутмаас 6 долларын алдагдал үзэж байлаа. Тиймээс гэрээг цуцлах саналыг шинэ Засгийн газар тавьсаар. ҮҮнийг эсэргүүцсэн МАН-ын шударга гишүүд ялангуяа Оюу толгойн гэрээг хянахыг шаардсан Ш.Сайхансамбуугаас эхлээд Ц.Даваасүрэн, Б.Балдан-Очир хүртэл намаасаа дэвших ч эрхгүй хоцорсон юм.
Хоёрдугаарт намын сонгуулийн санхүүжилтийг босгохын тулд Татварын ерөнхий газрын даргыг солив. Энэ ажлыг У.Хүрэлсүх хариуцжээ. Ц.Оюунбаатар хосрталд яваад байна гэж хардсан тул зайлуулж өөрийн хүнийг тавьжээ. Тэд том аж ахуйн нэгжүүдийг дарамталж, тэрбум тэрбумаар санхүүжилт авчрах ёстой. Ихээхэн хашир хүн гэж хуучин тагнуулч Ч.Гансүх нарт гол даалгаврыг өгчээ. Гэвч мань эр намдаа олж өгөх мөнгөнөөсөө өөртөө овоохон унагаж авчээ. Зөвхөн эндээс харахад л МАН ялах ямар ч найдваргүй болсныг гишүүд нь эртнээс мэдэж байсан нь тодорхой болдог. Хожим МАН ялагдаж өсөрхөхдөө татварынхныг АН-д матчихсан юм билээ л дээ. Сонгууль өнгөрч МАН ч ялагдаж. МАН-ынхан томоохон компаниудад “гомдлоо” хэлж “Та нар санхүүжүүлсэнгүй, биднийг унагалаа” гэжээ. Гэтэл цаадуул нь “Үгүй ээ, бид өгсөн, өгөх өгөхдөө тэрбум тэрбумаар нь өгсөн”. Тэгээд тэр мөнгө хаачдаг байна? Асуудал мэдээж сонгуулийн мөнгө босгож байсан хүмүүстэй холбоотой байж таарна. Нэгэнт эрхээ алдсан МАН шалгаж чадахгүй тул матаж орхижээ. Ингээд л татварын 14 тэрбумын хэрэг эхэлжээ.
Үүний дараа намын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гаргажээ. МАН-д нэг сайн чанар байдаг нь аливааг тооцоо судалгаанд үндэслэх дуртай. Коммунизмын үеийн энэ инерц хараахан шавхагдаагүй байв. Хэдийгээр 2008 онд С.Баярын тактикаар нэг удаа тооцоо судалгаагүй амлалт авсан ч түүндээ барьцаалагдаж нэр хүндээ алдаад байсан юм. Тиймээс сонгуулийн өмнө дараагийн сонгуульд бэлэн мөнгөний их амлалт авахгүй байх гэрээнд намуудтай гарын үсэг зуржээ. Гэхдээ ардуур нь БНХАУ-ын мөнгөний амлалтад тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Энэ нь “Чалко”-гийн 250 сая ам.доллар, орон сууцны хөтөлбөрт зориулсан 300 сая ам.доллар нийлээд 550 сая ам.долларын хөрөнгө оруулалт байлаа.
Ийнхүү ирэх жилүүдийн хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалтыг ердөө энэ хүрээнд тооцож хийсэн ба нийт хөтөлбөрийн 40 гаруй хувь нь зөвхөн эдийн засгийн гадаад орчин, түүний өөрчлөлтийг тооцоход зориулагджээ. Нөгөө талаас улсынхаа эдийн засгийн бодит боломж, цар хүрээг мэддэг боловсон хүчин дутагдаж, голдуу гадаадад сургууль төгссөн, либерал номоор толгойгоо цэнэглэсэн амбицтай угсаа залгамжлагч залуусыг “ажил хийж сураг” гэж олноор оролцуулснаараа тэдэнд өөрсдөд нь л таалагдсан юу юм гэхээс олон нийт ойлгохын аргагүй, гол томъёолол чиг шугам ч үгүй юм гарчээ.
Яаж ч бодсон энэ бүхэн МАН сонгуульд ялагдах ёр зөгнөөд байв. Ядаж байхад пиараа лагг болгох гээд найман пиар зөвлөхийг ажиллуулаадахсан чинь өнөөдүүл нь нэг нь нөгөөгөө муулаад, нэгнийхээ ажлыг унагах гэж хөндлөн хэвтчихээд цаашаа ч үгүй наашаа ч үгүй гацаачихжээ.
Яг энэ үеэр гэнэтийн цохилт ирэх нь тодорхой болжээ. Н.Энхбаяр зүтгэсээр байгаад МАХН-ын нэрийг авчихжээ. Нам нэрээ солиод тэр нэрээ алдахгүйн тулд МАХН гэсэн бүх товчлолыг өөрсдийн нэр дээр авсан боловч болсонгүй. МАН Засагт хамтарч байгаадаа найдаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрсдөд нь ашигтай шийдвэр гаргана гэж тооцож ихээхэн лоббидсон авч болсонгүй.Сонгууль дөхөхийн хэрээр АН хамтрагчаасаа нүүр буруулж, оноо болгоныг өөртөө нааж, алдаа бүхнийг “эрх баригч гол хүчин”-д нааж эхэлжээ. Пиар нь маш энгийн “АН МАН-тай хамтарснаараа өөрийн мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлж чадлаа, харин МАН-ынхан чадсангүй”.
АН-ынхан наагуураа МАН МАХН-ын хэрэгт оролцохгүй байгаа мэт царайлавч цаагуураа гүнзгийхэн нүх ухаж байжээ. Гуравдугаар сард УДШ-ээс Монгол Ардын Хувьсгалт намын нэрийг өгчихжээ. МАН-ынхан Ерөнхийлөгчийг хараана. Нам нь гарцаагүй хуваагдах аюул нүүрлэв. АН-ын тооцоо маш энгийн. МАН ямар нэгэн байдлаар хуваагдвал бид ялна. Нөгөө талаар МАН хуваагдахад “Хувьсгалт” гэдэг үг их нөлөөтэй гэж МАН өөрсдөө бодож байлаа. Гэхдээ энэ үг Н.Энхбаяр гэдэг хүний нэртэй нийлснээрээ л ихээхэн хүчтэй болж байсан билээ. Н.Энхбаяр гэдэг хүн л дангаараа улстөрийн хүчин байсан юм. Хэрэв түүнээс өөр хүн “Хувьсгалт нам” байгуулсан бол хэн ч тоохгүй байсанд асуудлын гол нь оршино.
Нэрээ өгөхгүй гэж бачимдахдаа МАН Н.Энхбаярыг ямар нэгэн хэргээр яаж ийгээд далд оруулахыг хичээж эхэлжээ.Түүнд Хууль зүйн сайд Ц.Нямдорж ханцуй шамлан оров. Тэр бараг л ийм үүрэгтэйгээр анхнаасаа ХЗДХ-ын сайд болсон хүн. Энэ хэрэг дээр л чухал хүн гэдгээ ойлгуулбал ахиж тойргоос сонгогдох ямар боломжгүй болтлоо нэр хүнд нь унасан тэр жагсаалтаар нэр дэвших учиртай. Тиймээс өөрийгөө Н.Энхбаярыг дарахад чухал үүрэгтэй оролцож байгаагаа харуулахын тулд нэг хэсэг дөвчигнөсөн авч золтой л өөрийгөө сүйтгэчихсэнгүй. Хоригдлуудаар байшин бариулсан, тэр хоригдлуудын нэг нь үхсэн хэрэг илэрч балрангаа алдаад амаа хамхижээ. Дээрээс нь түрээсээр суудаг үнэтэй байшин, зуслангийн байшингийнх нь тансаг нь олныг гайхшируулж өөрийг нь бүрмөсөн баллав. Гэхдээ тэр нуугдсан болохоос бууж өгсөн гэсэн үг биш.
Ядаж байхад буруу асуудлаар хэрэг үүсгэчихжээ. Өөрийн хардлага, сонссон хов живийн хэмжээнд л сэтгэж хэрэг тулгасан байж л дээ, чааваас. Үнэндээ Ц.Нямдорж намынхаа олон хүний “но”-г бүртгэж сейфлээд түүгээрээ бусдыгаа дарамталдаг гэдэг авч Н.Энхбаярыг яг дэргэдээс нь олон жил шиншсэний эцэст олсон “хэрэг” нь л хэвлэх үйлдвэрийн газар, ТВ-9, “Өргөө” зочид буудлын асуудал байсан юм. Яг үнэндээ тэр “хэрэг” гэгч нь буруутгахдаа тулбал Н.Энхбаярыг биш МАН-ын өөрийнх нь олон хүнийг торонд оруулах байв. Ц.Нямдорж ч давхар тооцоо хийхдээ жагсаалтаар өөрөөс нь өмнүүр гишгэж магадгүй У.Хүрэлсүх, М.Энхболд, Т.Бадамжунай нарыг замаасаа холдуулахыг хүсчээ. Ингээд Н.Энхбаяртай дайтсан биш бүр намаа бүрмөсөн булшлахдаа тулсан болчимгүй тулаанд шигдчихжээ.
Авилгын анатоми-2
4 дүгээр сарын хэрэг явдал
Цаашаа ч үгүй, наашаа ч үгүй гацсан
Comments
Post a Comment